-Ямаа бэлчээрийг хониноос гурав дахин их талхалдаг
Ямааны тоо толгойг 20 сая хүртэл өсгөх хэрэгтэй
И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.05.09)
Монгол Улс 34.8 сая толгой малын 14.5 сая нь ямаан сүрэг. Ноолуурын гарц арвинтайг нь бодож нас гүйцсэн эр ямаагаа худалдах, хүнсэнд хэрэглэх тухай бодох нь битгий хэл, ширүүхэн шилбүүрдэхээс айж байна. Малчдын ноолуурын үнэд шунасан их хүсэл мөрөөдлийн нөгөө талд бэлчээрийн даац хэтэрч, экологийн сүйрэл ойртож байна.
Ургамлын үр жимс, цэцэг навч зэрэг ганган чамин идэш тэжээлтэй ямаан сүргийн хөлд байгалиа сүйтгэх үү, тоон хязгаарлалт хийж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, доройтон дордож буй бэлчээртээ тохирсон мал аж ахуйн шинэ менежмент хэрэгжүүлэх үү гэдгийг манай сонины “Мэтгэлцээн” буланд уригдсан зочид ийн ярилцав.
-Ямааг ноолуурт нь болоод сүүлийн арав гаруй жил өсгөлөө. Цаашид ч өсгөх нь тодорхой. Ямаан сүргийн хэт өсөлт ямар үр дагавар авчрах бол?
Б.Минжигдорж /МААЭШХ-гийн Мал аж ахуйн салбарын эрхлэгч/:
-Ямаа үнэлгээ муутай байсан нь үнэн. Яагаад гэхээр монголчууд ямааны ноолуурыг ашиглаж мэддэггүй байсан. Сурвалж бичигт Англи, АНУ, Францын худалдаачид дээр үед Хятадын шаламгай самнагчдыг Монголд авчирч, манай ямааг самнуулж, ноолуурыг нь авч явдаг байсан гэж тэмдэглэсэн байна лээ. Тэрхүү ноолуурын орлого нь тэр үеийн манай бүх ямааг худалдахаас илүү ашиг олохоор байсан гэж байгаа.
1990 оноос өмнө манай улс таван сая орчим ямаатай байсан.
Засгийн газар 1980-аад оноос ямаа өсгөхөд анхаарсан. Ямааны мах бэлтгэлийг багасгаад, ноолуурын гарцыг нэмэгдүүлэхийн тулд борлонг дөрвөн нас хүртэл сүрэгт нь байлгах шийдвэр гаргасан. Энэ хооронд ноолуурын үйлдвэр хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо хийсэн. Энэ арга хэмжээг авснаар эр ямаа ихсэж сүргийн бүтэц сайжирсан, ноолуурын гарц нэмэгдсэн. 1985, 1986 оны үед ямаан сүргийн тоо толгойг 10 саяд хүргэе гэсэн тооцоог Засгийн газраас хийж байсан. Нэг үгээр, ноолуурын хэмжээг нэмэгдүүлж, валют ахиу олох бодлого хэрэгжсэн гэсэн үг. Ямаа өссөнөөр малчдын аж амьдрал сайжирч байгаа. Өсөлтөөс гарах сөрөг үр дагавар бага.
Д.Буянхишиг /ХХАА-н сайдын зөвлөх/:
-Ямаа эртнээс үнэлгээ муутай байсан нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай холбоотой юм. 1930-1990 он хүртэлх бүхэл бүтэн 60 жилийн хугацаанд манай мал сүрэг зохистой харьцаатай байсан гэж хэлж болно. 25 орчим сая толгой малын 14-15 сая нь хонь, 4-5 сая нь ямаа байсан. Монголчууд хонь, ямаа хоёрыг тусад нь хариулдаггүй, бог мал гэж авч үздэг. Ингэхдээ бэлчээрээ зөв зохистой ашиглах уламжлалт 3:1 харьцааг барьж ирсэн. Тэр нь гурван хонинд нэг ямаа буюу 100 богын 25 хувь нь ямаа байна гэсэн үг.
Монголын мал аж ахуйн үндсэн ашиг шим болох сүү, мах үхэр, хониноос гарч байдаг. Тийм учраас хүнснийхээ бүтээгдэхүүнийг илүү үйлдвэрлэж ашиглаж байхын тулд ямааны тоо толгойг хязгаарлаж, бусад төрлийн малыг түлхүү өсгөн үржүүлж, мал маллагааны арга технологит тохирсон уламжлалт харьцааг тогтоож ирсэн юм аа. Түүнээс биш, ямаанд дургүйдээ ч юм уу, өсгөж үржүүлэхгүй гэсэндээ биш.
Д.Дорлигсүрэн /”Ногоон алт” бэлчээрийн эко системийн удирдлага хөтөлбөрийн зохицуулагч/:
-Сүүлийн 30 жилд дэлхийн ямаан сүрэг хоёр дахин өсч 800 орчим саяд хүрсэн. Хонь, ямааны дэлхийн харьцааг харьцааг 1975 онд 73:27 байжээ. Ямаа бага байсан гэсэн үг. Мөн онд манай улсын сүргийн бүтэц дээрхтэй ойролцоо 72 хувь нь хонь, 28 хувь нь ямаа байсан. Одоогийн харьцааг аваад үзэхэд хонь 55, ямаа 45 хувьтай байна. Монголд бүр эсрэгээр өөрчлөгдсөн. Манай нийт сүргийн 55 хувь ямаа, 49 хувь хонь байгаа.
Ямааны өсөлт сөрөг үр дагавар ихтэй. Экологид маш муу нөлөө үзүүлж байгаа. Манай улсын бэлчээрийн даац өнгөрсөн оны байдлаар 13 хувиар хэтэрчихээд буй. Энэ нь бол экологийн сүйрэл авчрах хамгийн аюултай зүйл. Ургамлын 50 хувийг мал идэж байгаа нөхцөлд бэлчээр нөхөн сэргэх боломжтой гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Харин 70-аас дээш хувийг идүүлсэн тохиолдолд ургамлын үндэс мөхдөг аюултай. Байнга давтаж идүүлэхээр бэлчээр доройтож байгаа. Энд ямаа их нөлөөтэй.
АНУ болон манай эрдэмтэд ямааны байгаль экологит учруулж буй хор хохирлын судалгаа хийжээ. Ингэхэд дан ямаа бэлчсэн талбайн өвс ургамал 20 хувиар халцгай болсон байна. Түүнчлэн ямаа үндсэн ургамлыг их идэж устгадаг.
-Манай эрдэмтдийн ямааны бэлчээрт халтай гэдгийг харуулсан ямар судалгаа байна?
-Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн /МААЭШХ/-гийн доктор Загдсүрэн, эрдэмтэн Оюунцэцэг нарын найман жилийн хугацаанд хийсэн судалгаа байна. Дан ямаа бэлчээсэн талбайн 4.6 хувь нь доройтжээ. Ямаа хөрсийг 38 удаа цавчсан байна. Гэтэл хонь 21-хэн удаа буюу нийт талбайн хоёрхон хувийг цавчиж сүйтгэсэн байдаг аж. Хөрснөөс гадна өвс ургамлыг илүү сүйтгэдэг. Ямааг дангаар нь бэлчээхэд 198 ургамлын найлзуурыг идэж гэмтээжээ. Гэтэл хонь 64 ургамлаар хооллодог.
Эндээс ямаа хониноос илүү бэлчээрт муу нөлөө үзүүлдэг гэдэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Гэхдээ хонь, ямааны тоо толгой тодорхой харьцаанд байхад өөр л дөө. Иймээс ямааны тоо толгойг эргэж харах шаардлага бий. Зөвхөн ашиг бодох биш, урт удаан хугацааны туршид байгаль экологио хамгаалах, бэлчээр нутгаа хэвийн хэмжээнд байлгах асуудал хамгаас чухал биз дээ.
Б.Минжигдорж:
-Бид малчин болон ямааны аж ахуй эрхэлж буй хүний өөрсдийн идэвхтэй үйл ажиллагааг огт ярихгүй байгаа. Жишээлбэл, 500 ямаатай хүн өнөөдөр 12 сая төгрөгийн орлого олж байна. Малчид ямаа бэлчээрт тийм халтай юм бол би 2-3 сая төгрөгөөр тэжээл бэлдэе. Бэлчээрээ нөөцөлъе гэж ярьж байна. Ямааны аж ахуйг зохистой түвшинд өсгөх хэрэгтэй. Ямаа өссөнөөр малчдын орлого нэмэгдэж, машинтай, мотоцикльтой, телевизортой болж байна. Өнөөдөр малчдыг эдийн засгийн бодлогоор дэмжих хэрэгтэй.
Зах зээл аль үнэтэй салбарыг хөгжүүлнэ. Маргааш хонины ноос үнэд орвол хонины аж ахуй хөгжинө.
Хоёрдугаарт, хонь ямаа хоёр заавал 3:1 харьцаатай байх ёстой биш ээ. Буянхишиг, Минжигдорж хоёрынхтой санал нийлэхгүй. Энэ чинь харьцангуй ойлголт. Дан ямаа өсгөж байгаа хүн цөөнгүй л байна. Нөгөө талаар малчид цаг агаар дулаарч байгаа учраас ямаа олон байхаар хот хөлддөг гэсэн ойлголт өөр болсон гэж ярьж байна. Ямаа үржүүлэх гэж буй малчдыг бид шүүмжлээд юм уу, тэднээс илүү зүйл хүсээд байж таарахгүй.
-Ямаа ноолуураас өөр эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
Б.Минжигдорж:
-Ямааны зах зээлийн борлуулалтыг хийх хэрэгтэй. Ямааны мах шингэц сайтай. Ялангуяа хуучтай хүнд их сайн. Монголчууд эртнээс хэрэглэж байсан. Ямааны сүү ноолуураасаа 20 дахин их орлого оруулж байна.
-Манайхан ямааны сүүг ашиглахгүй л байгаа шүү дээ?
-Нэг ямааны ноолуураас 3000-4000 төгрөгийн орлого олдог. Сүүнийх нь хувьд түүнээс 10-.20 дахин орлого олох тооцоо бий. Ямааны сүүний найрлагыг сая судалсан байна. Ямааны сүүний тосны бөмбөлгийн бүрхүүлийг судлахад гурван төрлийн амин хүчлээр илүү байна. Тэр байтугай хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг нотолсон. Нөгөө талаар ямааны сүүний тос арьсны шарх сорвийг маш түргэн эдгээдэг. Ямаа саахаар гар зөөлөрч, булбарай болдог. Ямааны сүү найрлагаараа эхийн сүүтэй ойролцоо. Үхрийн сүүгээр хүүхэд угжихаар харшил өгдөг. Харин ямааны сүү хүүхдэд тун тохиромжтой.
Д.Буянхишиг:
-Минжигдорж доктор ямааг магтаж, хамгаалж олон зүйл ярилаа. Сүү нь эхийн сүүтэй ойролцоо найрлагатай ч гэх шиг. Манайхан сүүлийн үед цагаан гүүний сүүг эхийн сүүтэй ойролцоо найрлагатай гээд л хошуураад байгаа биз дээ.
Д.Жадамба /Бэлчээрийн тогтвортой менежмент төслийн бэлчээрийн зөвлөх/:
-Алив малын өсөлтийг бэлчээртэй холбох хэрэгтэй. Бэлчээрт ямар хэв шинжийн ургамал ямар харьцаагаар ургаж байна, яг тийм харьцаатай мал байх ёстой. Түүнээс биш гурван хонинд нэг ямаа байх ёстой гэсэн хийсвэр ойлголт байж болохгүй. Бэлчээрт бутлаг, сөөглөг ургамал 50 хувиас дээш байвал сүргийн талаас илүү хувь нь ямаа, тэмээ байх ёстой. Ямаа өслөө гэж ярьж байна. Гэтэл тэмээ сүүлийн жилүүдэд 600 мянгаар хорогдсон. Тэмээ, ямаа хоёр ойролцоо идэштэй амьтан. 600 мянган тэмээ бэлчээр ашиглалтаараа зургаан сая ямаатай тэнцдэг. Ямаа өндөр уул, хад асгын бэлчээрийг сайн ашигладаг байхад тэмээ чаддаггүй.
Ойт хээрийн бүсээр явж байхад бэлчээр нэлээд харганажих хандлагатай байна. Энэ нь социализмын үеэс ямааны өсөлтийг хязгаарлаж ирсэнтэй холбоотой. Ямаа цөөрөх юм бол сөөг бут ихсээд бэлчээрийн нарийн ургамал багасна. Хонь, үхэр дийлэнх байвал нарийн өвс багасаад харгана, сөөг, бутлаг ургамал ихсэх жишээтэй. АНУ-ын эрдэмтэд олон судалгаа хийсэнтэй танилцаж байхад хамгийн бэлчээр муу ашигладаг мал үхэр. Амандаа багтах өвсийг л иддэг. Ямаа бутлаг ургамлыг, хонь аль алийг нь иддэг. Бэлчээр ашиглалтаар ямаа хамгийн сайн.
-Мал сүргийн өсөлтийн зохистой хэмжээ гэж ямар байх ёстой вэ гэдэг дээр холбогдох байгууллагынхан нэлээд судалгаа хийж, тогтох хэрэгтэй юм байна?
Д.Буянхишиг:
-Бэлчээрт тохируулж, мал өсгөх хэрэгтэй гэдэг дээр Жадамбаатай санал нийлж байна. Сүрэг хоорондын харьцааг нэг их чухал биш гэж яриад байна. Манай судлаач, эдийн засагчдын таван хошуу малын зохистой харьцааг гаргасан судалгаа ч байдаг.
3:1 гэсэн сүргийн бүтцийн харьцааг монголчууд хэдэн зууны турш бэлчээрийн мал аж ахуй эрхлэхдээ зүгээр ч нэг баримталж ирээгүй байх. үүнийг уламжлагдаж ирсэн зохистой хэмжээ гэж үзэж байгаа. Тэмээний хорогдсон орон зайг ямаа эзлэх ёстой энэ тэр гэсэн асуудал гарч ирж байна. Тэмээ говьд экологийг тэнцвэржүүлж өгдөг сайн нөлөөтэй гэдэг нь үнэн. Тэмээ, ямаа хоёрын хөрсөнд учруулах даралтын хэмжээг судалсан байгаа юм л даа. 450 кг амьдын жинтэй тэмээ хөрсний нэг ам см талбайд 0.44 грамм жингээр дарж явдаг. Гэтэл 35 кг жинтэй ямаа дээрх хэмжээний талбайд тэмээнийхээс гурав дахин их хохирол учруулдаг.
Б.Минжигдорж:
-Тэгэлгүй яадаг юм бэ. Ямааны хурц шөвгөр туурай газрын хөрсөнд шигдэх нь их л байж таараа шүү дээ. Тэмээ хавтгай тавагтай юм байгаа биз дээ.
Д.Буянхишиг:
-Ямаа хөнгөн биетэй хэрнээ хөрсөнд тийм их аюул учруулдаг. Монгол судлаачдынхаас гадна ямаан сүргийг их хэмжээгээр өсгөж үржүүлснээс болоод экологийн сүйрэл учирсан дэлхийн гашуун түүх ч бий. Грек орон ямааг хэт өсгөснөөс болж эзгүй хээр тал нүцгэн уул болсон түүхтэй. Жадамбаа гуай ямааг ургамлын үр жимсээр хооллодог сайн гэж ярьж байна. Тэр чинь сайн юм биш. Үр жимс, цэцэг навчаа алдсан ургамал эргэн сэргэдэггүй. Ямааг хэмжээ хязгааргүй өсгөх нь экологийн сүйрлийг авчирна. Тийм ч учраас Таргидияа /эмгэнэл/ гэсэн латин үг ямаа гэдэг үгнээс гаралтай гэсэн тайлбар ч байдаг юм билээ. Цөөн биш орон ямаа их хэмжээгээр өсгөснөөс болоод ийм байдалд хүрснийг бид бодох ёстой. Сахарын цөл үржил шимгүй болсон нь ямаатай л холбоотой.
Минжигдорж доктор нэг ямааны ноолуураас 3000-4000 төгрөгийн орлого олж байгаа гэж ярилаа. Би бол нэг ямаанаас авч буй ноолуур 12-16 мянган төгрөг олж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл, нэг ямаанаас дунджаар 300-400 грамм ноолуур гардаг, үүнийг өнөөдрийн зах зээлийн үнээр тооцоход тийм байгаа. Ноолуурт нь болж ямааг өсгөх нь малчдын аж амьдрал дээшлэхэд нөлөөтэй. Тийм учраас ямаан сүргийг өнөөдрийн түвшинд хүртэл өсөн үржүүлэх бодлого байсан. Одоо бол ямар нэг хэмжээгээр төрийн бодлогыг энэ зүгт хандуулж, сэрэмжлүүлэх цаг болсон. Оройтоогүй дээр нь ямааны өсөлтийг ямар нэг хэмжээгээр хязгаарлах ёстой. Нөгөө талаар бид маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг байдлаар хандаж болохгүй ээ. Одоо л хязгаарлахгүй бол оройтох юм биш байгаа.
Д.Дорлигсүрэн:
-Зах зээл бүхнийг шийднэ гэж болохгүй. Өнөөдөр дэлхий даяар байгаль экологио хамгаалах асуудал хурцаар тавигдах болсон. Тэрний тулд малын тоо толгойг хязгаарлаж, зохистой хэмжээнд нь байлгая. Бүх зүйлийг байгальд зохицуулъя. Тэгэхгүй бол хүн өөрөө оршин тогтнож буй орчноо сүйтгэх нь гэж яриад байна шүү дээ.
-Б.Минжигдорж:
-Ямаагүй болохоор уулын бэлчээр харгана бутаргана болж, нарийн өвс нь багасна гэдгийг дээр Жадамбаа хэлсэн. Ямаагүй орнууд ямаатай болохоос өөр арга байхгүй гэсэн асуудал тавьж байна шүү дээ.
Монгол орны хувьд 130 сая га бэлчээртэй. 35 сая малтай. Бэлчээрийнхээ дөнгөж дөрөвний нэгд нь мал нь бэлчиж байна. Өөрөөр хэлбэл, маш их бололцоо бий. Улаанбаатараас Хархорин оръё гэж бодъё. Тэгэхэд мал харагдахгүй халиурч шаргалтсан бэлчээр л байна. Ус дутаад байгаа байхгүй юу. Устай бол бэлчээр бий. Мал өсгөх боломж байгаа.
-Тооны өсөлтөөр хэрэгцээ шаардалгаа хангах уу, тоо толгойг зохистой хэмжээнд барьж нэг ямаанаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд хэн хүнгүй анхаарах цаг болсон уу?
Б.Минжигдорж:
-Бэлчээрийн монгол малын бүтээмж бага байна. Нэг ямаанаас 250 грамм ноолуур чүү ай авч байгаа. Бэлчээрийг эзэмшүүлээгүй цагт яаж малынхаа тоог бэлчээрт тохируулах гэж. Худлаа яриад байна шүү дээ. Энэ хэсэг газар энэ малчны бүлэгт байна гэвэл тэр дотроо л ажиллана шүү дээ. Монголын мал аж ахуйг цаашид хөгжүүлэх бодлогын нэг гол асуудал бэлчээр нутгийг эзэмшилтэй болгох.
Д.Дорлигсүрэн:
-Минжигдорж гуайтай санал нэг байна. Бусад оронд бэлчээрийн даацаа тохируулж байна. Жишээлбэл, 100 га газарт 100 ямаа бэлчээх нормтой бол хэзээ ч түүнээс илүү гаргахгүй. Хэрвээ илүү гарвал торгож байна. Хатуу хариуцлага хүлээлгэж байгаа учраас 100 ямаандаа бариулж байгаа байхгүй юу. Гол шаардлага нь бэлчээр доройтуулахгүй байх ёстой. Өвөрмонголд ямаа өссөн мөртлөө бүтцийг нь бариад байна. Үүнийг цаанаас нь бодлогоор зохицуулж байгаа байхгүй юу.
Б.Минжигдорж:
-Малын зохистой хэмжээ хэд байх юм. Үүнд Засгийн газар нөлөөлөх үү, нөлөөлөхгүй байх уу гэдэг асуудал байгаа. Энд Засгийн газар ямааны өсөлтийг сааруулна гэж чадахгүй шүү дээ. Чанарыг сайжруулах асуудал нэгдүгээр асуудал мөн. Хамгийн гол асуудал бэлчээрийг эзэмшилтэй болгох. Харин малчид өөрсдөө малынхаа нөөцийг ашиглах чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй. Яагаад нөөц алдаад байна гэхээр бэлчээрийн мал хавар, өвөл хамаг тарга хүчээ алддаг. Мах сүү, ноос ноолуурын алдагдал их гарч байна. Тэрийг багасгахын тулд малын бэлчээрийн нөөц бий болгох, нэмэгдэл тэжээл, усны асуудлыг шийдэх хэрэгтэй. 500 ямаатай өрх 12 сая төгрөгийн орлогынхоо хоёр сая төгрөгийг бэлчээр, тэжээлд зарцуулж болно ш дээ. Үйлдвэр эрхэлж буй хүмүүс газар, мал аж ахуйдаа хөрнгө оруулах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй мөнгө оллоо архидаад юм уу , эсвэл морь, бөхөд мөнгө хаяад байж таарахгүй.
-Малчид ямаан сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулахад анхаарах цаг болсон байлтай?
Д.Дорлигсүрэн:
-Малын тооны өсөлтөөр хэрэгцээг хангана гэдэг утгагүй л дээ. Бэлчээр хязгаарлагдмал. Бэлчээр нь малаа хязгаарлаж, малын тоогоо дагаад малчны тоо хязгаарлагдах ёстой. Өнөөдөр 370 гаруй мянган малчин байгаа. Өмнө нь 2001 оны үед 420 гаруй мянган малчинтай болсон. 1990-ээд онд 130 гаруй мянган малчин өрх байсан. Цөөн малтай өрхийн тоо нэмэгдсэн. 100-гаас доош малтай өрх нийт малчдын 65, 200 хүртэл нь 80 орчим хувийг эзэлж байгаа. Сүргийн бүтцээр нь аваад үзэхээр 100 мал нэг айлын амжиргааг хэзээ ч хангаж чадахгүй. Доод тал нь 300 гарч байж ердийн хэрэгцээг хангана. Айл болгоныг 500 мянган малтай болгоно гэвэл шигүүлээд тавьсан ч багтахгүй. Малын тоог тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой. Цөөн малтай болон орлого багатай иргэд хүссэн хүсээгүй томоохон үйлдвэрлэлийн салбарт шилжинэ.
Монгол малын ашиг шимийг шууд дээшлүүлэх бололцоо үнэхээр байхгүй. Экологийн нөхцөлд зохицсон мал байхаас аргагүй. Нутгийн малыг сайжруулах хэрэгтэй. Гагцхүү энд юуг ярих вэ гэхээр үржлийн ажлын бодлого алдагдсан байгаа. Хоёр жил болоод хуц, ухнаа сольж байх ёстой. Өнөөдөр ихэнх нь хээлтүүлэгчээ солихгүй байна. Эсвэл саахалт айлтайгаа сольж цус ойртуулж, мал давжаарч байна. Эцэг малыг нөгөө сумаас, эсвэл хил залгаа аймгаас авчирч тавих нь гол.
Одоо бол малчид нас гүйцсэн эр ямаа олонтой болж байгаа. Бүдүүн ямаатай болохоор ноолуурын гарц нэмэгдэнэ гэдэг үнэн. Гэтэл ноолуур нь бүдүүрчихэж байгаа. Хоёрдугаарт, ноолуурын гадна талаар байдаг бүрхүүл нь зузаарч байна гэж байгаа. Хялгасны урт нэмэгдээд, ноолуурын урт нь богиносож байна. Үйлдвэрт ороход хялгас, ноолуур хоёрыг ялгахад хүндрэлтэй болж байгаа гэсэн үг. Монголын ноолуур дэлхийн зах зээл дээр нэр хүндээ алдаад ирвэл үнэ нь унана. Тийм учраас ноолуурын чанарт анхаарах шаардлагатай. Ямааны мах экспортлох асуудлыг ч тавих ёстой.
Д.Буянхишиг:
-Нэгж малын ашиг шимийг нэмэгдүүлэх. Бэлчээрийн мал аж ахуйн ашиг шимийн түвшин тодорхой түвшинд очсон. Генетик, биологийн потенциалаараа байж болох түвшинд очсон гэж үзэж болно. Тийм учраас 3:1 харьцаагаар удамшдаг. Ямар ч малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд удамшлын хуулиар бол 15-20 хувь ахих юм. Монгол ямааны ноолуур 300-400 байна. Улсын дунджаар 270-300 орчим грамм байна. 15 сая ямаагаа цөөлөөд 10 болгоод өнөөдрийн хэмжээний ноолуурыг үйлдвэрлэнэ гэвэл бүтэхгүй. Тэгэхээр тооны өсөлтийг хязгаарлах ашиг шимийг сайжруулах асуудал бэлчээрийн мал аж ахуйд нэг их өргөн хүрээтэй ярих асуудал биш.
Энэ бол суурин эрчимжсэн аж ахуй дээр буюу мах сүүний чиглэлийн мал дээр яригддаг асуудал. Ер нь ямааны тоо толгойг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол саяхан ноолуурын үйлдвэрлэлийн асуудлаар онол практикийн бага хуралд сууж байхад, нэг илтгэл дээр 19 микроноос дээш бүдүүнтэйг ноолуур гэж үзэхгүй нь гэж гарч байсан. Манайх ямаагаа хүнсэнд хэрэглэхгүй байснаас эр, эм ямааны сүрэгт эзлэх хувийн жин нэмэгдчихсэн. Нарийн ноолуур гардаг сүргийн бүтэц бага болж байна. Ноолуурын үнэ өндөр түвшинд байгаад байхгүй. Нөгөө талаар Жадамбаа ямар шалгуураар ямаа зохих түвшинд хүрсэн, хязгаарлах ёстой гэж үзэж байгаа юм бэ, тийм тооцоо судалгаа алга гэж ярьж байсан. Сүргийн бүтцийг бүсээр нь тогтооход хэцүү. Цаг хугацаа шаардсан ажил. Эдийн засгийн талаас нь болон бэлчээрийн даац талаас нь аваад үзэхэд хязгаарлах цаг болжээ.
Социализмын үед төлөвлөгөөгөөр ямааны 30 гаруй хувийг маханд борлуулж байсан. Өнгөрсөн оны статистикийг аваад үзэхэр 17.5 хувийг л борлуулж байна. Ямааны мах үйлдвэрлэхээ больсон. Эцсийн эцэст хоол хэрэгтэй юү, ноолуур хэрэгтэй юү. Хүн ам нэмэгдээд махны хэрэгцээ ихсээд байна. Ийм учраас ямаа руугаа жаахан анхаарна байгаа гэдэг агуулгаар ямааны татварыг нэмэгдүүлсэн. Хоёр ямаа нэг хоньтой тэнцэж байгаа. Энэ бол нэг их нөлөө болж чадахгүй байх. Гэхдээ энэ маягаар ямар нэг хэмжээгээр зохицуулах гэж оролдох ёстой.
Б.Минжигдорж:
-Энэ бол буруу. Малчдад дандаа дарамт үзүүлэх юм. Чи ямаагаа өсгөсөн гээд дарамт үзүүлж байна. Тэрний оронд ямааны махны зах зээл, борлуулалт, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энд ямааны махаар хиам, зайдас хийж болно. Хоёрдугаарт, боодог, хорхог их хийх хэрэгтэй. Жуулчдын замд хорхог хийж өгөх хэрэгтэй. Дуртай л иднэ шүү дээ. Арьсаар нь гоёмсог бүтээгдэхүүн хийж болно. Ишгэн дээл хийхэд сэрүүн бүсийн орны зах зээлд их гарна. Ийм маягаар ямааны борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэрэглэх хэрэгтэй. Дорлигсүрэнгийн хэлдэг зөв. Мал аж ахуйн үйлдвэрлэл экологи байгаль орчинд халгүй технологитой байхыг чухалчлах хэрэгтэй. Төрөөс дарамт үзүүлээд байх юм уу, эдийн засгийн механизмаар бий болгох уу.
Монгол Улс 20 сая ямаатай, 30 сая хоньтой л байя. Тэрнээс илүү гаргаад ч яах вэ. Малчдын худаг ус гаргах, бэлчээрээ хамгаалах сэтгэлгээг хөгжүүлж, урамшуулах хэрэгтэй. Ингэж байж бид хэрэгцээгээ хангана. “Говь гурван сайхан” үүлдрийн ямаа 400 грамм ноолуур өгч байна. Гэтэл ноолуурыг нь бүдүүн гээд ад үзээд байна. Алтайн хязгаар ОХУ-д 18 микронтой ноолуур өгдөг хар ямаа үржүүлж байна. Уулын, бор хоёрыг ад үздэг юм. Жирийн ард түмэн хэрэглэх бүтээгдэхүүн хийж болно. Нарийн ноолуураар тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн хийдэг.
Ямаа бэлчээрийг хониноос гурав дахин их талхалдаг Tuesday, June 26, 2007
Posted by Хөдөө аж ахуйн мэргэжилтний клуб 5:19 PM
Labels: 5. Экологи; байгаль орчин
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comments:
sonirholtoi metgeltseen baina
Post a Comment