Германы фермерийн аж ахуй Friday, August 24, 2007

Хөгшин Европын унаган иргэд болох германчууд фермерийн аж ахуйд тулгуурласан, шилдэг технологи, өндөр хүчин чадал бүхий хөдөө аж ахуй (ХАА)-н салбарыг бий болгож чаджээ. Өнөөдөр тус улс дэлхийн нийт ХАА-н бүтээгдэхүүний 6%-ийг үйлдвэрлэж, ХАА-н бүтээгдэхүүний экспортоор дэлхийд 4-р байр эзэлж байна. Үйлдвэрлэлийн бүтээмжийг нь зөвхөн талх, сүүгээр жишээлбэл нэг га-аас авах буудайн 74 цн ургацаар 7900 кг талх, харин нэг үнээнээс өдөрт дунджаар саах 16 литр сүүгээр 2 кг бяслаг буюу 18 кг тараг үйлдвэрлэх боломжтой. Германд үйлдвэрлэсэн бяслагийг Монголчууд хүртэл хүнсэндээ хэрэглэдэг. Ихэнхи улс орнуудад фермерүүд хотын соёлоос хоцрогдсон хүний имижтэй байдаг бол Германы фермерүүдийн 75% нь компьютер, 62% нь интернэт байнга ашигладаг байна. Хиймэл дагуулын мэдээллийг аж ахуйн менежментэд ашиглах, үнээгээ роботоор саах зэрэг орчин үеийн технологиудыг германчууд аль хэдийнэ нэвтрүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилгыг Европын улс орнуудаас хамгийн ихээр хөхүүлэн дэмжиж байна. Иймд фермерийн аж ахуйг хөгжүүлж буй Монголчууд бидэнд германчуудаас суралцах зүйл их байгаа юм.

Германы фермерүүд хөгжлийн өнөөгийн түвшинд хэрхэн хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлжээ. Юуны өмнө цаг уурын нөхцөл нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой байсан учраас ХАА нь бүр анхнаасаа суурин буюу хагас суурин хэлбэрээр хөгжиж эхэлжээ. Үүнд мөн харьцангуй давчуу газар нутаг, хүн амын өндөр нягтрал, хотжилт зэрэг ч бас нөлөөлсөн. Иймээс төвлөрсөн суурин хэлбэрийн фермерийн аж ахуйг хөгжүүлэхээс өөр сонголт германчуудад байгаагүй юм. Гэхдээ хөгжлийн хурдац нь гавихгүй байсаар 19-р зуунтай золгожээ. Язгууртан эздийн газарт өчүүхэн хөлсөөр, эсвэл дааж давшгүй их түрээс төлж ажиллах тариачдад хөгжил дэвшил гаргах нь бүү хэл, турж үхэхгүй байвал дээдийн заяа байв. 1800-аад оноос хамжлагат ёсыг устган, тариачид өөрсдөө газар эзэмших болсноор бие даасан фермерийн аж ахуйнууд төлөвшиж эхэлсэн байна. Энэ үеэс хойш тариачин гэдэг нэр томъёо зөвхөн аман ярианд үлдэж, харин фермерийн аж ахуйн эздийг фермер гэж албан ёсоор нэрлэх болжээ. Өөрийн гэсэн газартай фермерүүдийн урам зориг, бусдаас царайчлахгүй амьдрах эрмэлзэл нь нийт салбарын хөгжилд маш том хувь нэмэр болсон байна. Гэхдээ тэд гар ажиллагаа бүхий дундад зууны бүдүүлэг технологиосоо салж амжаагүй байлаа.

19-р зууны дундаас 20-р зууны эхэн хүртэлх хугацаанд хими, физик, биологийн шинжлэх ухаанд гарсан ололтууд дорхноо үйлдвэрлэлд, тэр дундаа ХАА-д нэвтэрч байв. Фермерүүд эрдэс бордоо, ургамал хамгааллын төрөл бүрийн химийн бодис хэрэглэж сурснаар тариалангийн ургац эрс нэмэгдэв. Удамшлын хуулиудыг нээснээр малын үржил селекцийн ажил сайжирч, ашиг шим сайтай шинэ үүлдрүүдийг гарган авах болов. Энэ бүх ололт дэвшлүүд ихэвчлэн Европ тивд гарч байсан учир германчуудын хувьд нэвтрүүлэхэд харьцангуй хялбар байсан нь тодорхой. Үүний зэрэгцээ тухайн үед эрчээ авч байсан аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр хот суурингуудын хүн ам нэмэгдэн, ХАА-д ажиллах хүч хомсдож эхэлсэн нь фермерүүд үйлдвэрлэлээ механикжуулах нэг шалтаг болжээ. ХАА-н механикжуулалт нь анх үрлэгч, хураагч машинаас эхэлж байсан бол дараа нь трактор, автомат саалтуур зэрэг тоног төхөөрөмжүүд нэвтрэв.

Гэхдээ зах зээлд гарч буй шинэлэг техник бүрийг худалдан авах чадалтай фермерүүд цөөхөн. Ихэнхи фермерийн аж ахуйнууд хэтэрхий жижиг байсан нь тэднийг бие даан хөгжихөд үлэмж саад болж байв. Энэ байдлаас гарах цорын ганц гарц бол хоршоолол байв. Жижиг фермерүүд тус тусдаа даван туулж чадахгүй бэрхшээлүүдээ хамтын хүчээр даван туулж, ганц фермерийн худалдан авч чадахгүй, аваад ч ашиггүй техникийг хамтран эзэмшиж, үр ашгийг нь гаргах боломж бий, энэ бол хорших явдал юм гэдгийг нийтээрээ мэдэрч эхэлжээ. 1846 онд Фридрих Вилхелм Райффайзен, гишүүдийнхээ тэгш эрхийг хүндэтгэсэн, харилцан бие биедээ туслах зарчимд тулгуурласан “Ядуу фермерүүдийн өөртөө туслах холбоо” нэртэй хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулснаар Германы хөдөө аж ахуйд томоохон эргэлтийг хийв. Энэхүү хоршоо үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсээр орон даяар салбаруудтай болж, улмаар 1889 онд хоршооны хууль батлагдсанаар цаашдын хөгжил нь эрх зүйн баталгаатай болжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг хоршоодын нэгэнд Райффайзен хоршоо тооцогдож байна. Одоо уг хоршоо нь фермерүүдэд үр бордоо, техник хэрэгсэл нийлүүлэх, тэдний бүтээгдэхүүнийг борлуулахад нь зуучлах, хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлэх гэх зэргээр фермерийн аж ахуйн бүх үйл ажиллагаанд оролцдог, фермерүүдийн хамгийн дотнын түнш болжээ.

Хоршооллын хөдөлгөөн ийнхүү өрнөх явцад фермерүүд нэгдэж, зохион байгуулалтад орохын ач холбогдлыг ухааран, өөрсдийн нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлоо дэмжих, улс төрд лобби хийх зорилгоор хамтын ажиллагааны байгууллагуудыг төрөл бүрийн хэлбэрээр байгуулжээ. Тухайлбал фермерийн холбоо, гурил үйлдвэрлэгчдийн холбоо гэх мэт. Ийнхүү тархай бутархай жижиг фермерүүд нэгдэж чадсанаар салбараа өөд нь татах хүч чадалтай болсон юм. Хоршиж нэгдэх үйл явцад нөлөөлсөн бас нэг чухал хүчин зүйл бол нэг сүмд явдаг хүмүүс хоорондоо дотно танилцаж, бие биедээ харилцан тусалж байдаг христосын шашны сайхан уламжлал билээ.

Аж үйлдвэржилт ба хотжилт, түүнийг дагасан үйлчилгээний салбарын хөгжлийн үр дүнд сүүлийн 100 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын болон фермерийн аж ахуйнуудын тоо тасралтгүй буурсан боловч шинжлэх ухааны ололтуудыг амжилттай нэвтрүүлсний үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмж тасралтгүй нэмэгдсээр байна. 20-р зууны эхэнд нийт ажиллах хүчний 38% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан бол 2005 оны байдлаар энэ тоо ердөө 2,3% болж буурчээ. Гэтэл 100 жилийн өмнө буудайн ургац 19 цн/га байсан бол өнөөдөр 74 цн/га болж нэмэгдсэн байна. Нэг фермерийн аж ахуйн үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг авч үзвэл 1900 онд дунджаар 4 хүний хэрэгцээг хангах хэмжээнд байсан бол 2003 оны байдлаар 126 хүнийг тэжээх хэмжээнд хүрчээ.

Гэхдээ өндөр бүтээмж бүхий эрчимжсэн технологид тулгуурласан хөгжлийн үе шат 1960-аад оноос эхлэн хумигдсаар одоо аль хэдийнэ дуусаад байна. Учир нь нэг талаас шатахуун, цалингийн зардал зэрэг ХАА-н үйлдвэрлэлийн өртөг байнга нэмэгдэж, нөгөө талаас гадаадаас хямд өртөгтэй хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирэх нь ихэссэн тул фермерүүд дан ганц борлуулалтын орлогоор зардлаа нөхөж чадахаа больжээ. Энэ асуудал нь фермерүүдийг дэмжих бодлогыг шинэчлэн тодорхойлоход хүргэв. Урьд нь фермерүүдийг зөвхөн ХАА-н салбарт бизнес эрхлэгчид гэж үздэг байсан бол одоо тэднийг хувийн бизнес эрхлэхээс гадна бас хөдөө орон нутгийн хөгжил, байгаль орчин, цаашилбал улс орны тусгаар тогтнолыг хариуцан, хамгаалж буй хүмүүс гэдгийг онцлон анхаарах болов. Ийнхүү фермерүүд зөвхөн хөдөө аж ахуйн биш, харин хөдөөгийн хөгжлийн нэгдсэн бодлогын төвд байх болсноор тэдэнд засгийн газраас зүгээс татаас, урамшуулал ба татварын хөнгөлөлт хэлбэрээр харамгүй дэмжлэг үзүүлэх болов. Одоогоор үр тариа, эрдэнэ шиш, буурцагт ба тосны ургамлын тариалангийн талбайн га тутамд, үржлийн үнээ, бордооны эр үхэр, хонины толгой тутамд, борлуулах сүүний литр тутамд шууд татаас, мөн мал нядалгаа, мал аж ахуйн эрчимжилтийг бууруулахад урамшуулал олгох, зээлийн хүү ба шатахууны зардалд нөхөн төлбөр, аж ахуйдаа хөрөнгө оруулахад нь хандив олгож, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл өөрийн эдэлбэр газрыг ойжуулах зэргээр засгийн газраас хэрэгжүүлж буй төрөл бүрийн бодлогод зохицуулан үйлдвэрлэлийнхээ арга барилыг өөрчилсөн фермерүүдэд урамшуулал олгодог. Жишээлэхэд үр тариа тариалсан га тутамд 350 евро, литр сүү тутамд 3,5 центийн татаас олгож байна. 2005 онд нэг фермерийн аж ахуйн зөвхөн шууд авсан татаас дунджаар 24,2 мянган евро байв. Бүтээгдэхүүн экспорлох хүсэлтэй фермерүүд дотоодын зах зээлд борлуулсан шигээ ашиг олж чадахгүй тохиолдолд зөрүүг нь мөн л улсаас нөхөн төлдөг. Германчууд газар шороогоо, фермерийн аж ахуйнуудаа гадны нөлөөнөөс маш их хамгаалдаг нь генийн зохиомол өөрчлөлт бүхий ургамлын тариаланг одоо хүртэл зөвшөөрөөгүйгээс харагддаг.

1990-ээд оноос улсын татаасаар фермерүүдийг аргацаах бодлогоо эргээд шүүмжилж, илүү оновчтой арга олохыг хичээж байна. Фермерийн аж ахуйг ирээдүйд өрсөлдөх чадвартайгаар авч үлдье гэвэл цаашид экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эко-фермерийн системд шилжих нь гарцаагүй болжээ. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар өндөр учраас хэдийгээр экологийн цэвэр бүтээгдэхүүн өртөг өндөртэй ч гэсэн ашиг олох боломжтой аж. Гэхдээ үүнд бас улсаас тодорхой хэмжээний татаас олгоно. Гэхдээ эко-фермерийн системийг дэмжих бодлогын хавсарганд заавал дотоодын бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн бодлого цуг хэрэгжиж байдаг. Хэрэглэгчдэд зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, чанарын баталгаатай экологийн цэвэр бүтээгдэхүүн авах ухамсрыг суулгах ухуулга сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга хийгдэж байдгийн цаад захиалагч нь засгийн газар байдаг.

Фермерүүд янз бүр. Зарим нь улсаас татаас авах ямар л боломж байна, түүнийг ашиглаад амьдраад байх сонирхолтой бол зарим нэг нь орлогын шинэ эх үүсвэрүүдийг өөрсдөө санаачлан бий болгож байна. Тухайлбал фермерийн аж ахуйнхаа хажууд боловсруулах цех ажиллуулж, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарган орлогоо нэмэгдүүлж буй фермер цөөнгүй. Түүнчлэн агро-жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Альпийн нуруу, Бодэнсээ нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байрлалтай фермерийн аж ахуйнууд дэргэдээ буудлын зориулалтаар байшин барьж, хөдөө цэвэр агаарт амрах хүсэлтэй хотын хүмүүсийг хүлээн авч үйлчилдэг. Тэдэнд зөвхөн байр, хоолноос гадна бас морь унах, хонь хариулах, үнээ саах, хөдөөний гар аргаар бяслаг шахах гэх мэт янз бүрийн сонирхолтой үйлчилгээ санал болгоно. Түүнчлэн эдгээр фермерийн аж ахуйнуудад хотын сургуулийн хүүхдүүд ангиараа зочилж, хөдөөгийн ахуй амьдралтай танилцах далимаараа чамгүй орлого оруулдаг ажээ.

Б.Эрдэнэболор

ХБНГУ-ын Хоэнхаймын их сургуулийн докторант, Фермерийн эрдэм нийгэмлэгийн тэргүүн