Зохиомол хээлтүүлгийн монгол туршлага Tuesday, June 26, 2007

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.07)

Зохиомол хээлтүүлгийн дэвшилтэт технологи,ололт амжилт, үр дүнгээрээ шинэ зуунд Франц улс дэлхийд ноёлж байна. Тус улсад сайн үүлдрийн мал болон хөврөл үр, гүн хөлдөөсөн үр үйлдвэрлэж, олон улсад захиалгаар нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг олон зуун аж ахуй нэгж, нийгэмлэг бий. Манай улс монгол малын таваарлаг чанарыг сайжруулах чиглэлээр Францын Засгийн газартай 2003 оноос хамтран ажиллаж буй.

Энэ хүрээнд Францын зүүн өмнөд хэсгийн сайн үүлдрийн мал өсгөн үржүүлдэг нэгэн нийгэмлэгийн үржлийн технологич Ги Шарбёны Монголд сүүлийн хоёр, гурван жил ажилласан. Жил бүрийн хавар, намарт ирж, Францын өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлсэн монгол үнээнээс ямар тугал гарч вэ, төрөхийн хүндрэл байна уу, үгүй юу гэх мэт ажиглалтыг хийхээр яаран ирдэг тухайгаа тэрбээр ярьж байсан.

Түүнээс “Манай Монголд зохиомол хээлтүүлэг 1990 оноос өмнө маш сайн хөгжсөн. Харин сүүлийн арав гаруй жил уг ажил зогсонги байдалд орсон юм. Бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд ч дээрх хугацаанд ажилгүй зэвэрсэн гэж хэлж болно. Танд манай хээлтүүлгийн техникчид ур чадварын хувьд ямар санагдав. Тэдэнд мэргэжлийн ямар арга ажиллагаа дутагдаж байна” хэмээн сонирхоход “Монголд зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод багагүй хугацаа өнгөрсөн гэхэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь өндөр ур чадвартай юм. Би болон манай байгууллагын мэргэжилтнүүд олон оронд зохиомол хээлтүүлгийн ажлаар явдаг.

Монголын хээлтүүлгийн техникчдийн ур чадварыг үнэхээр биширч байна. Хэлсэн зүйлийг яг технологийн дагуу хийж байгаа нь надад маш таалагдсан. Зохиомол хээлтүүлгийг хөгжүүлэхэд мэргэжилтнүүдийн хувьд ямар ч хүндрэл бэрхшээл алга.

Би хамтарч ажилласан техникчдээсээ ялангуяа Жаргалант тосгоны техникч Баярцогтыг онцлох байна.
Тэр маш ур чадвартай, Францад очиж туршлага судалсан хүн” хэмээн хариулсан.

Монголд сүүлийн жилүүдэд сайн үүлдрийн мал өсгөн үржүүлэх ажил, үйлчилгээ дахин сэргэх замдаа эргэлт буцалтгүй орсон тул хөврөл үр, гүн хөлдөөсөн үр, шилмэл малын импортын тухай багагүй яригдаж буй. Үүний сацуу “Өндөр ашиг шимтэй малын үр хаанаас авч, хээлтүүлгийг хэрхэн хийх вэ. Үнэхээр хээлтүүлэг авдаг юм болов уу” гэсэн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байгаа. Тийм болохоор зохиомол хээлтүүлгийн технологи болон уг үйлчилгээг гардан хийдэг мэргэжилтнүүдийн тухай мэдээлэл олон нийтэд хэрэгтэй байгаа хэрэг.

Дэлхийд өндөр ашиг шимт малын үрийг гүн хөлдөөж ашиглах болон зохиомол хээлтүүлгийн гурван технологи байдаг аж. Зохиомол хээлтүүлэг буюу малын үржлийн ажил үйлчилгээ хэдэн зуун мянган жилийн хөгжлийн түүхтэй.

1960-аад он хүртэл дэлхийд үржлийн ажилд таблеткин технологи мөрдөж байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сайн үүлдрийн малын үрийг гүн хөлдөөж ашиглахдаа үрлэн эм хэлбэрээр авч хадгалдаг гэсэн үг. Үүнийг мэргэжилтнүүд Японы технологи гэж ч нэрлэдэг байна. Уг технологи 1990-ээд оныг хүртэл дэлхий нийтэд хэрэглэгдэж байв. Үүнээс гадна баруун Европын орнууд, Украйн, Молдав зэрэг оронд өнгөлсөн үрлэн буюу Харьковын технологи нэвтэрсэн.

Үүний өмнөх технологиосоо дэвшилттэй тал нь гүн хөлдөөсөн үрийн гадуур капсултай болсон. Ингээд 1990 оноос Францын гуурсан технологи нэвтэрсэн байна. Японы болон Харьковын технологийг хэрэглэхдээ гүн хөлдөөсөн үрийг 38-40 градусын халуун орчинд гэсгээж, хийдэг. Харин хамгийн сүүлийн үеийн гуурсан технологи нь гүн хөлдөөсөн үр гадна орчинтой бараг “харьцдаггүйгээрээ” онцлог дэвшилттэй тухай мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай малчдын олонх нь зохиомол хээлтүүлгийн ач холбогдол, үр дүнг мэдрэхийг хүсэж байгаа. Нэг сааманд хагас литр сүү өгдөг арван үнээтэй байснаас таваас дээш литр сүү гардаг таван үнээтэй байхыг цаг үе, зах зээл шаардаж байгаа учраас монголчууд зохиомол хээлтүүлгийг сонирхохоос аргагүй. Багаж, үр нь байвал бог, бод, гахай, шувууны алинд ч зохиомол хээлтүүлэг хийх ур чадвартай мэргэжилтнүүд бий аж.

Гагцхүү зохиомол хээлтүүлгийн захиалга, хүрээ өргөжөхийн цагт гардан хийдэг техникчид хаанаа ч хүрэлцэхгүй байж мэдэх. Сүүлийн гурван жилийн хугацаанд манайх гадаадаас нийт 20-иод мянган тун үр импортолж, зохиомол хээлтүүлэг хийжээ. Хээл авалт олон улсад 81 хувьтай байдаг бол манай улсынх 2005 онд 84.6, өнгөрсөн онд 83.9 хувьтай байгаад мал эмнэлэг, үржлийн салбарынхан олзуурхаж, гадаадын дээрх чиглэлээр хамтран ажилладаг үржүүлгийн технологчид ч өндөр сэтгэгдэлтэй байгаа аж.

Зохиомол хээлтүүлгийн мэргэжилтэн бэлтгэдэг хийгээд, уг ажил үйлчилгээг эрхэлдэг газар нь Малын удмын сангийн үндэсний төв. 1981 онд байгуулагдсан тус байгууллага өнгөрсөн хугацаанд нэрээ хэд дахин сольсноос гадна ХХААЯ-тай гурав нийлж, дөрөв салжээ. Саяхан ХХААЯ-ны харъяанд ирээд байгаа. Социализмын үед эрдэмтэн мэргэжилтэн, малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон нарийн нарийвтар ноост хонь, нооолуурын ямаа, сүү-махны чиглэлийн цэвэр эрлийз малын тоо толгой эдүгээ 1990 оныхоос 50-85 хүртэл хувиар цөөрч, зарим сүрэг устахад хүрсэн.

Тиймээс торгон сүргийн тоо толгойг нэмэгдүүлж, үржлийн шилмэл сүргийн чанарлаг байдлыг шинэ түвшинд гаргахаар ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаа бодлого тодорхойлогч яам нь ийнхүү дэргэдээ авч байгаа бололтой. Тус төвийнхөн шинэ технологийн гүн хөлдөөсөн үрийн нэгдүгээр үеийн эрлийз 235 гунж энэ онд тугаллах тухай ярьж байлаа. Ирэх жил 400, 2009 онд 600 гунж тугаллах маягаар ашиг шим өндөртэй шилмэл үхрээр сүрэг сэлбэх нь. Өнөөдөр манайд зохиомол хээлтүүлгийн шинэ техник, арга ажиллагаанд суралцаж эзэмшсэн нийт 35 техникч бий аж.

Мөн сүүлийн хоёр жилд бод, бог малын зохиомол хээлтүүлгээр зургаан удаагийн курс зохион байгуулжээ. Фермерийн аж ахуйн тоо олширч буйн хэрээр шинэ цагийн фермерүүд зохиомол хээлтүүлгийн техникчийн мэргэжлийг эзэмших шаардлагатай болж байгаа юм. Фермерүүд 14 хоногийн сургалтад хамрагдаж техникч болох эрэлт хэрэгцээ их байгаа тухай Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Буяндалай ярьсан. 1990 оноос өмнө дээрх мэргэжлийг 45 хоногийн курсээр эзэмшүүлдэг байж.

Бүр өмнө нь буюу 1980-аад онд ОХУ-ын Улаан Үдэд гурван сарын хугацаатай сургадаг байжээ. Буяндалай хэлэхдээ “Зохиомол хээлтүүлгийн техникчийн мэргэжлийг эзэмшихэд урт хугацаа шаардлагагүй. Онол, практикаа хамт үздэг болохоор сурахад ч хэцүү биш. Тэгээд ч манайд хамгийн сүүлийн үеийн гуурсан технологиор хээлтүүлэг хийх арга ажиллагааг харуулсан видео, хуурцаг хангалттай байгаагаас гадна бидэнд зохиомол хээлтүүлгийн монгол туршлага бий” хэмээсэн. Энэ онд техникчийн сургалтыг иргэд, аж ахуй нэгжийн хүсэлтийг харгалзан бодынхыг Сэлэнгийн Цагааннуурт, богийнхыг есдүгээр сард Дархан-Уул аймагт хийх аж.

Сүүлийн таван жилд Малын удмын сангийн үндэсний төв улсаас дөрвөн сая гаруй төгрөгийн санхүүжилт авч, Сэлэнгэ, Дорнод талын үхрийн бух, Керей, Сүмбэр, Тал нутгийн цагаан хуцнаас 63.4 мянган тун үр үйлдвэрлэн хадгалж, 3000 орчим үнээ, мөн тооны хонь, 200 ямаанд гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд зохиомол хээлтүүлгийн цэгийн тоог өмнөхөөс 30-аар нэмсэн нь энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин ажлын байртай болж, зохиомлоор хээл авах малын тоо өсөхөд сайнаар нөлөөлжээ.

Малын удмын сангийн үндэсний төв нь эцэг малын үрийг -196 градуст хөлдөөж, иргэд, аж ахуйн нэгжийн захиалга хүсэлтээр нийлүүлж, малын ашиг шим, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах чиглэлээр ажил үйлчилгээ явуулах зорилттой.

Гэтэл тус төвийн ажил үйлчилгээ 1993-2002 онд үндсэндээ зогссон. Дээрх хугацаанд хээлтүүлэг хийх нь битгий хэл санд хадгалагдаж байгаа үрийг хэвийн хэмжээнд байлгахыг л чармайжээ. Бэлчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд малын удмын санг хамгаалах ажил үйлчилгээ тун чухал. Сүүүлийн үед гадаад, дотоодын өндөр ашиг шимтэй үрээр шинэчлэгдсэн. Харин удмын санд байгаа үрийг иргэд хэдэн жил хадгалж байгаа, хэр үр дүнтэй байх бол гэдэгт нэлээд эргэлздэг.

Зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээ 1990-ээд оноос зогсонги байдалд орсон учраас эргэлзэхээс ч аргагүй. Гэхдээ танд хүснэгтээр сонирхуулж байгаа Малын удмын санд хадгалагдаж байгаа гадаад, дотоодын гойд ашиг шимт малын үрийн чанарт итгэж болно. Учир нь жил гаруйн өмнө санагдана УМХГ-аас тус төвд хадгалагдаж байсан үрийг шалгаад, технологийн хоцрогдол, хадгалалтын хугацаа дууссан, ашиг шимийн үзүүлэлт нь өнөөгийн шаардлага хангахгүй болсон гэдэг дүгнэлтийг хийж 200 гаруй мянган тун үр устгасан.

Тийм болохоор малын чанараа сайжруулахын тулд малчин та өөрөө зохиомол хээлтүүлгийн техникч болох шаардлагатай. Танд зөвлөх зохиомол хээлтүүүлгийн бэлээхэн туршлага амьдралд бий.

0 comments