Фермерийн аж ахуй ба Монгол орны хөгжил Friday, November 23, 2007


Юуны өмнө нийт хөдөө аж ахуйн салбарын ач холбогдлыг авч үзье. Манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, нийт ажиллах хүчний 40% нь хөдөө аж ахуйн салбарт ноогддог. Харин энэхүү 40% маань Монголын нийт өрхийн 30%-ийг тэжээж байдаг. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар уналтанд орвол Монголын хүн амын гуравны нэг нь амь зуулгаа алдаж болзошгүй юм. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар нь хүн амын хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг учраас хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдалтай холбоотой чухал салбар билээ. Хүнсний хараат байдалд орсон улс орны иргэд эрүүл саруул, аюулгүй амьдрах ямар ч баталгаагүй. Тийм учраас ямар ч улс орон хөдөө аж ахуйн салбараа төрийн онцгой анхаарал халамжинд байлгадаг.
Фермерийн аж ахуй гэдэг нэр томъёо нь хоёр салаа утгатай. Нэг талаас ямарваа аж ахуйн нэгж буюу өрх айл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах зорилгоор зориуд төвлөрүүлэн байгуулсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, тариалангийн ба хадлан, бэлчээрийн талбай, мал сүргийн цогцолборыг фермерийн аж ахуй гэж нэрлэдэг. Нөгөө талаас энэхүү цогцолборыг эзэмшиж буй аж ахуйн нэгжийг фермерийн аж ахуй гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь дутагдалтай бөгөөд маргаантай ойлголт юм. Учир нь алтны уурхай дэргэдээ фермерийн аж ахуй барилаа гээд уг уурхайг фермерийн аж ахуй гэж нэрлэж болохгүй. Фермерийн аж ахуй нь ямар ч аж ахуйн нэгж, хувь хүний эзэмшилд байж болох бөгөөд хамгийн гол шинж чанар нь хувийн эзэмшлийн буюу түрээсийн тодорхой газарт төвлөрсөн байдлаар байгуулагддагт оршино. Фермерийн аж ахуй нь ихэвчлэн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулан, ашиг олох зорилгоор байгуулагдах бөгөөд тодорхой нэг хүний удирдлагаар ажиллана. Фермерийн аж ахуйг удирдаж буй менежерийг фермер гэнэ. Гэхдээ фермер заавал фермерийн аж ахуйн эзэн байх албагүй. Фермерийн удирдлага дор байнгын болон улирлын ажилчид ажиллаж болно.
Фермерийн аж ахуй газар тариалан буюу мал аж ахуйн чиглэлээр дагнасан, эсвэл эдгээрийн хосолсон хэлбэртэй байж болно. Манай орны газар тариалангийн үйлдвэрлэл бүхэлдээ фермерийн аж ахуйд тулгуурлан явагддаг бол харин мал аж ахуйн үйлдвэрлэлд нүүдлийн ба фермерийн аж ахуйн хэлбэр зэрэгцэн оршиж байна. Фермерийн аж ахуйн хэлбэрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь суурин буюу хагас суурин маллагаатай байдаг. Газар тариалантай харьцуулахад мал аж ахуйн салбарт фермерийн аж ахуй дорвитой хөгжиж чадаагүй байгаа боловч энэ салбар нь эдийн засгийн ач холбогдлоороо газар тариалангаас зургаа дахин илүү учраас фермерийн аж ахуйн хөгжүүлэх тухай сэдэв нь үндсэндээ мал аж ахуйд фермерийн аж ахуйг хөгжүүлэх тухай юм.
Фермерийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага бидний хүссэн хүсээгүй аль хэдийнэ тавигдаад байгаа юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны бүх нутгийн жилийн дундаж агаарын температур 1940 оноос хойш хоёр градусаар дулаарчээ. Үүнтэй зэрэгцэн хур тунадасны жигд хуваарилалт алдагдаж, зуны улиралд ихэвчлэн аадар бороо орох болов. Үүний улмаас ган тохиолдох нь ихэсч, үүний улмаас бэлчээрийн гарц муудаж, малын бэлчээрлэх хугацаа богиносч байна. 1982-2001 оны хооронд зуны бэлчээрийн ногоон масс манай орны нийт бэлчээрийн 69%-д ямар нэг хэмжээгээр буурчээ. Цаг уурын энэхүү өөрчлөлт нь цаашид ч үргэлжлэх нь тогтоогдсон тул юуны өмнө уур амьсгалын эрчимтэй дулаарч, хур тунадас эрчимтэй буурч буй баруун ба төвийн бүсэд мал аж ахуйг фермерийн аж ахуйн системд даруйхан оруулахаас өөр сонголт алга. Хэрэв хугацаа алдвал тарга тэвээр муутай хэдэн мал нь нэг зуднаар үхэж, олон мянган малчид амьжиргаанаасаа хагацахыг үгүйсгэх аргагүй. Харин хур тунадас өсөх хандлагатай байгаа зүүн бүсэд нүүдлийн мал аж ахуйгаа түр зууртаа ч боловч авч үлдэж болох юм.
Фермерийн аж ахуйг хөгжлөөс хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах эсэх нь шийдэгдэнэ. Монголчууд бид одоогоор махнаас бусад бүх хүнсний бүтээгдэхүүнийг импортолж байна. Жишээлбэл 2005 онд 98 мян.тн үр тариа, 104 мян.тн гурил, 8,4 мян.тн цөцгийн тос, 41 мян.тн төмс импортлосон байна. Үүнээс цаашилбал бяслаг, өтгөрүүлсэн сүү, йогурт, зайдас, төмсний чипс, давсалсан ногоо, шилэн савтай өргөст хэмх, алаг салат, цуу, кетчуп гэх мэт олон бүтээгдэхүүнийг бид гаднаас авах биш, өөрсдөө үйлдвэрлэх учиртай юм. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг гаднаас оруулаад ирэхэд ядах юмгүй. Харин түүхий эдийн нөөцийг нь тасалдуулалгүй нийлүүлдэг найдвартай фермерийн аж ахуйнууд хэрэгтэй байна.
Амьжиргааны төвшин доогуур иргэд Эрээнээс импортлосон чанарын ямар ч баталгаагүй хүнсний ногоо, жимс жимсгэнийг байнга хэрэглэх болсноор сүүлийн үед хүнд хэлбэрийн хоолны хордлогууд, цус харвалт, элэгний хатуурал зэрэг өвчин ихэсч буйг анаагахын эрдэмтэд сүүлийн үед бичих боллоо. Үнэндээ бол Монголчуудын тал хувь нь баталгаагүй хүнс хэрэглэж байна. Хот суурин газрын гуанз, ресторанууд хамгийн хямд ногоог хоолондоо хийж, харин бид тэрхүү хоолыг амтархан иддэг билээ. Бид гагцхүү фермерийн аж ахуйг л хөгжүүлж байж л хүнсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна.
Фермерийн аж ахуйн хөгжил хөдөө орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд чухам хувь нэмэр оруулах болно. Фермерийн аж ахуйн суурингууд үүссэн газар дэд бүтэц тавигдаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээнүүд нэвтэрч, тухайн сууринд хүн амьдрах орчин сайжрахын зэрэгцээ хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо хөгжих тул фермерүүд цаг үеэсээ хоцрохгүйгээр мэдээлэл авч байх боломжтой болно.
Фермерийн аж ахуйн нэг малд оногдох үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Ийм эрчимтэй хөрөнгө оруулалт бүхий мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Гэхдээ эрчимжсэн гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд фермерийн аж ахуйнуудын эрчимжилтийн түвшин хоорондоо харилцан адилгүй. Мөн зөвхөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр үр ашиг нэмэгдэнэ гэж ойлгох нь буруу. Иймээс эрчимжилт, үр ашиг хоёрыг салгаж ойлговол зохино. 2005 онд Улаанбаатар хот орчмын 30 үнээний фермерийн аж ахуйд Б.Эрдэнэболорын хийсэн судалгаанаас үзвэл хамгийн ашигтай фермерийн аж ахуй нь нэг үнээнд жилдээ нийт 510 мянган төгрөг зарцуулж, нэг литр сүүнээс дунджаар 176 төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Гэтэл нэг үнээнд хамгийн өндөр буюу жилд 1,3 сая төгрөг зарцуулсан өөр нэг фермерийн аж ахуй сүүний литр тутмаас ердөө 117 төгрөгийн ашиг олжээ. Гэхдээ эдгээр фермерийн аж ахуйн аль алинд нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулшгүй их хөрөнгө зарцуулагдаж байна. Ийнхүү нэг малд оногдох хөрөнгө оруулалт ба аж ахуйн нийт хөрөнгө оруулалт ихсэх тусам фермерүүд зах зээлийн судалгаа хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх гэх мэтээр аж ахуйнхаа удирдлага, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлж эхэлдэг байна.
Мал аж ахуйд фермерийн аж ахуйг нэвтрүүлэхэд тулгарч буй хамгийн том асуудал бол тэжээлийн хангамж билээ. Тэжээлийн ургамлыг дотооддоо хүрэлцээтэй хэмжээгээр тариалж бэлтгэхэд өнөөдөр технологи буюу санхүүгийн гэхээсээ илүү зохион байгуулалтын асуудлууд тулгарч байна. Мал аж ахуйн фермерүүдийн дунд тэжээлийн ургамал өөрөө тариалах, дарш бэлтгэх сонирхол улам өсч байгаа хэдий ч фермерүүд маань энэ ажлаа зохион байгуулах тал дээр туршлагагүй. Харин тариаланч фермерүүд тэжээлийн ургамал тариалахыг өртөг өндөр, эрсдэл ихтэй хэмээн үздэг. Иймээс тэдний хооронд зуучилж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийхэд нь туслах гуравдагч этгээд шаардлагатай байна.
Одоогоор манай оронд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, зарим аймгийн төвүүдийн ойролцоо, мөн газар тариалангийн төв бүсэд төрөл бүрийн фермерийн аж ахуйнууд байгуулагдаж байна. Одоогийн байдлаар үнээний болон гахайн фермер зонхилж байгаа ч сүүлийн үед тахиа, нугас, зөгийн аж ахуйг хүмүүс сонирхох хандлагатай болсон. Хэдийгээр нарийвчилсан бүртгэл байхгүй боловч Үндэсний Статистикийн Газрын мэдээгээр бол 2005 оны байдлаар манай улсад үнээний фермерийн аж ахуй 186, гахайн фермерийн аж ахуй 21, тахианы фермерийн аж ахуй 38, харин зөгийн фермерийн аж ахуй 15 тус тус байна.
Б.Эрдэнэболор ба Ч.Даваасүрэн, 2006 он

2 comments

Tara said...

Сайн байна уу? Энэ мэдээллийн эх үүсвэрийг мэдээлэх боломж байна уу?

Tara said...
This comment has been removed by the author.