Уулзалт 2: Фермерийн аж ахуйн хувийн экстэншин хөгжих боломжтой юу? Thursday, September 13, 2007

2006 оны 4-р сарын 26, Хүнс, Хөдөө аж ахуйн яам

Энэ удаа "Фермерийн аж ахуйн хувийн экстэншин хөгжих боломжтой юу?" сэдвээр Фермерийн эрдэм нийгэмлэгийн тэргүүн, докторант Б.Эрдэнэболор илтгэл тавилаа. Уулзалтанд Фермерийн эрдэм нийгэмлэг, Залуу фермерүүдийн холбооны гишүүд, ХХААЯ-ны мэргэжилтнүүдээс гадна ХААИС, Монгол фермер дээд сургуулийн багш, оюутнууд, мөн түүнчлэн Хөдөө аж ахуйн зуучлал, бизнес мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг Хаан зууч компанийн мэргэжилтэн оролцлоо. Оролцогчдын дунд экстэншиний чиглэлээр мэргэшсэн зарим нэг хүмүүс, тухайлбал ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуульд экстэншиний хичээл заадаг Ж.Ганчимэг багш, мөн ХХААЯ-ны Экстэншиний төвийн мэргэжилтэн Цогтсаран нар байлцсан нь хэлэлцүүлэг эрчтэй, ажил хэрэгчээр өрнөх нэг шалтгаан болсныг энд зориуд тэмдэглэе.

Б.Эрдэнэболор илтгэлдээ хөдөө аж ахуйн экстэншиний үйлчилгээний концепци, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг танилцуулаад, өнөөгийн нөхцөлд экстэншинийг бизнесийн үйлчилгээний сонгомол хувилбараар нь Монголд нэвтрүүлэх боломжууд, тулгарч буй бэрхшээлүүд, эдгээр бэрхшээлийг даван туулж, хувийн экстэншинийг ашиг орлого сайтай, хөдөөгийн хөгжил, улс орны маань хүнсний хангамжид хувь нэмэр оруулах хэмжээний бизнесийн салбар болгон хөгжүүлэх талаар өөрийн байр суурийг, докторынхоо ажлын судалгаа, Фермерийн эрдэм нийгэмлэгийн үйл ажиллагаанд тулгуурлан ярив. Илтгэлийн гол үзэл санаа нь экстэншиний бизнесийг шатлалтайгаар хөгжүүлэх тухай асуудал байв. Тухайлбал эхний үе шатанд агро-бизнесийн тодорхой нэг салбарыг түшиглэсэн дайвар хэлбэрээр зохион байгуулж, орлого олох өндөр магадлалтай ажлуудаа гүйцэтгэх, яваандаа алхам алхмаар үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, улмаар бие даасан хэлбэрт орох концепцийг санал болгосон юм.

Хэлэлцүүлэг үндсэндээ дараахь сэдвүүд дээр голчлон явагдлаа. Үүнд:

1. Экстэншиний үйлчилгээ төрөөс хараат, төсвөөс санхүүждэг байдлаар хөгжих ирээдүй нь бүрхэг гэдэг дээр бүх оролцогчид санал нийллээ. Цаашилбал зах зээлийн нөхцөлд фермерүүдийг оюунлаг хэлбэрээр дэмжиж, тэдний мэдлэг боловсролтой, бие дааж аж ахуйгаа авч явах чадвартай болгох, цаг үеийн мэдээллээр байнга хангаж байх, ингэснээрээ тэдний ашиг орлогыг нь нэмэгдүүлэх үүрэг, потенциаль бүхий экстэншиний үйлчилгээ нь хоёр талд харилцан ашигтай бизнес хэлбэрээр хөгжих нь хамгийн тохиромжтой гэсэн байр суурийг оролцогчид бүгд дэмжиж байсан нь хөдөө аж ахуйн салбарын сэхээтнүүд, оюутнуудын нийтлэг үзэл бодлыг илэрхийлж чадсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл фермерийн аж ахуйн хувийн экстэншин нэвтрүүлэх шаардлага бодитоор тавигдаад буй нь тодорхой юм байна.

2. Хувийн экстэншинийг нэвтрүүлэхэд тулгарч буй үндсэн бэрхшээл бол одоогоор манай фермерүүдэд мэдлэгийг үнэлэх сэтгэлгээ төлөвшөөгүй учраас төлбөрт үйлчилгээнд хамрагдахаас зайлсхийх хандлагатай байгаа явдал гэдгийг бас нийт оролцогчид хүлээн зөвшөөрсөн.

3. Дээрхи сэтгэлгээг өөгшүүлж буй нэг хүчин зүйл бол хөгжлийн хамтын ажиллагаа юм гэдгийг зарим оролцогчид онцлон тэмдэглэж байв. Хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс фермерүүдэд үнэгүй сургалтууд явуулж, гарын авлага үнэгүй тарааж, үр бордоо, хүрз зээтүүнээс эхлээд үнээ мал хүртэл, бүр түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийг хүртэл үнэгүй бэлэглэж байгаа нь нэгд тэдний бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, хоёрт мэдлэгийг үнэгүйдүүлж байна. Экстэншиний бизнесийг шударгаар хийх эрмэлзэлтэй хүмүүс олон сая долларын санхүүжилт бүхий энэхүү төсөл, хөтөлбөрүүдийн эсрэг хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орох болж байна.

4. Гэхдээ нөгөө талаар хэрэв үнэхээр чанартай үйлчилгээ явуулж чадвал төлбөрөө төлөөд ч гэсэн хамрагдах сонирхолтой хүмүүс олширч буй тухай олон оролцогчид мэдээлж байсан нь хувийн экстэншин хөгжих найдвар бий гэдгийг нотолсон юм. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд гар аргаар төмс тариалах 3000 төгрөгний төлбөртэй сургалтад олноор хамрагдаж байгаа, орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүд дунд ба томоохон хэмжээний фермерийн аж ахуйн төсөл хийх, зөвлөгөө өгөх төлбөртэй үйлчилгээнд хамрагдаж байгаа зэрэг жишээнүүд дурьдагдлаа.

5. Экстэншиний бизнес нэгэнт фермерүүдийн мэдлэг чадварыг дэмжихэд чиглэх учраас энэ бизнесийг эрхлэх хүмүүс өөрсдөө маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг мөн олон оролцогчид хэлж байв. Үүнтэй холбоотойгоор ХААИС-ийг төгсөгчдийн мэдлэг практикт гологдож буй тухай шүүмж ч сонсогдож байлаа. Иймээс экстэншиний бизнес амжилттай хөгжихийн нэг үндэс нь хөдөө аж ахуйн боловсролын системийн шинэчлэл, тухайлбал ХААИС-ийн оюутнуудыг заавал фермерийн аж ахуйд дадлага хийлгэдэг болгох нь зайлшгүй шаардлагатай гэж дүгнэлээ. Нөгөө талаар экстэншиний байгууллагын зүгээс фермерүүдийг сертификаттай сургалтанд хамруулах асуудал ч бас хөндөгдлөө.

6. Хувийн экстэншинийг нэвтрүүлэх эхний алхам нь ямар үйл ажиллагаа байж болох вэ гэсэн асуулт дээр оролцогчид янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Эдгээрээс фермерүүдэд болон хүнс үйлдвэрлэгчдэд хэрэгцээтэй мэдээлэл бүхий сонин буюу сэтгүүл гаргах саналыг хамгийн олон хүн дэмжлээ.

7. Экстэншиний үйлчилгээний амжилт нь үйлчилгээний болон байгууллагынхаа имижээс ихээхэн хамааралтай учраас имижээ бүрдүүлэх, өсгөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай гэж дүгнэв. Үүнд цаг хугацаа шаардлагатай бөгөөд тодорхой арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлэх, сурталчилгаагаа тогтмол хийж байх нь зохистой юм. Эдгээр арга хэмжээнүүдээс салбартаа нэр хүндтэй, олны танил хүмүүсийг үйлчилгээндээ хамруулж, тэднийг сургалт, семинартаа тогтмол оролцуулах асуудлыг онцлон авч үзэх шаардлагатай.

8. Хувийн экстэншинийг шатлалтайгаар хэрэгжүүлэх, тухайлбал эхлээд аль нэг амжилттай бизнесийг түшиглэх тухай оролцогчид мэтгэлцсэн боловч чухам ямар бизнестэй хэрхэн холбох тухай тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Учир нь үүний тулд маш олон асуултыг хариулах шаардлагатай юм. Тухайлбал ийм бизнес нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх уу, эсвэл үйлдвэрлэлийн хэрэгсэл үйлдвэрлэдэг, эсвэл импортлодог байх уу, мөн одоо ажиллаж байгаа компанийг түшиглэх үү эсвэл шинээр компани байгуулах уу гэх мэт.

Энэ удаагийн уулзалт оролцогчдынхоо бүтцийн онцлог, сэдвийн шинэлэг байдал зэргээс хамаарч онол, концепцийн холбогдолтой асуудлууд дээр нилээд хугацаа зарцуулсан юм. Гэхдээ экстэншиний бизнесийг нэвтрүүлэх боломж байна уу гэсэн гол асуултаа ТИЙМ гэж нэгэн дуугаар хариулж чадсан нь чамлахааргүй үр дүн билээ. Оролцогчид маань энэ сэдэвт өөриймсөг хандаж, бүгд би, бид, миний, бидний гэсэн байр сууринаас хандаж байсныг тэмдэглэхгүй байхын аргагүй. Нэгэнт болж бүтнэ, би ч үүнд гар бие оролцоё гэсэн уур амьсгал бүрдсэн учир экстэншиний бизнесийг нэвтрүүлэх тодорхой алхмууд удахгүй хийгдэх нь гарцаагүй.

1 comments:

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339