Уулзалт 1: Фермерийн аж ахуйн хөгжилд юу саад болж байна вэ? Thursday, September 13, 2007

2006 оны 3-р сарын 29, ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургууль

Бид энэ удаа "Фермерийн аж ахуйн хөгжилд юу саад болж байна вэ?" сэдвээр ХХААЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга доктор П.Баянмөнхийн тавьсан илтгэлд тулгуурлан 1 цаг 30 минут орчим ярилцав. Уг арга хэмжээнд Фермерийн эрдэм нийгэмлэгийн гишүүд, ХХААЯ-наас доктор П.Баянмөнхөөс гадна Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх Ц.Бямбасүрэн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэжаргал, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн, мөн Залуу фермерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Мөнхбат нар оролцлоо.

П.Баянмөнх илтгэлдээ фермерийн аж ахуйн хөгжлийн өнөөгийн түвшин, төрөөс ФАА-н талаар баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар яриад, хөгжилд саад болж буй зарим нэг хүчин зүйлсийг нэрлэснээр мэтгэлцээн шууд өрнөх уур амьсгалыг бүрдүүлснийг тэмдэглүүштэй.
Форумд агрономич, мал зүйч, малын эмч, инженер, эдийн засагч, хуульч гэх мэт төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон учраас ФАА-н хөгжлийн асуудлыг маш олон талаас нь авч үзэж, тус бүрийнхээ санал бодлыг илэрхийлж байв. Ярилцсан сэдэв маань хэдийгээр өргөн хүрээтэй, оролцогчдын санал бодол төдий чинээ олон ургальч байсан ч гэсэн бид форумынхаа төгсгөлд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадсан юм. Ингээд бид ФАА-н хөгжилд хамгийн их саад болж буй дараахь зургаан хүчин зүйлсийг тодрууллаа:

1. Эрх зүйн тааламжгүй орчин
Фермерийн аж ахуйн тогтвортой хөгжих нэг суурь нь хувийн эзэмшлийн газар билээ. Гэтэл фермерийн тухай хууль батлагдаагүй, мөн Газрын тухай хуулинд фермер нь газар эзэмших эрх бүхий субьект болж чадаагүйгээс болж фермерүүдийн газар эзэмших эрх хязгаарлагдмал байна. Иймээс эдгээр дутагдлуудыг түргэн арилгах, юуны өмнө Фермерийн тухай хуулийг түргэн батлах хэрэгтэй гэж бид үзэж байна. Үүний дараа фермерүүдийг татварын бодлогоор дэмжих асуудлыг хөндөх нь зүйтэй.

2. Фермерүүдийн эдийн засгийн сул дорой байдал
Манай фермерүүд ихэвчлэн өөрийн хөрөнгөөр аж ахуйгаа эрхэлдэг, хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломж муутай, мөнгөний эргэлт бага, орлого нь улирлын чанартай хэлбэлздэг, мөн амьжиргааны өртөг нэмэгдсээр байгаа нь тэдний угаасаа тааруухан эдийн засгийн чадавхи өсөж нэмэгдэх боломжийг сааруулж байна. Иймээс фермерүүдийг хөрөнгөжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, лизингийн үйлчилгээ зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг түлхүү хэрэглэх нь зүйтэй гэж бид дүгнэлээ. Фермерүүдийн эдийн засгийн чадавхи нэмэгдсэнээр тэд үйлдвэрлэлдээ шинжлэх ухааны ололт, шинэлэг технологи нэвтрүүлэх, банк санхүүгийн байгууллагуудтай харьцдаг болох, мөн шинээр ажлын байр бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

3. Хүний хүчин зүйлийн дутагдал
ФАА нь 100% бизнес гэдэг утгаараа нүүдлийн мал аж ахуйгаас ихээхэн ялгаатай билээ. Гэтэл манай фермерүүдэд бизнесийн сэтгэлгээ төлөвшөөгүй, аж ахуй эрхлэх мэдлэг чадвар дутмаг байгаа нь тэдний ашиг орлогод шууд нөлөөлж байна. Фермерүүд маань өөрсдийгөө зөвхөн үйлдвэрлэгч биш, харин бизнесмен гэдгийг сайтар ойлгож, улмаар өөрийнхөө бизнесийн хариуцлагыг зөвхөн өөрөө хүлээнэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Үүнийг ухаарсан, бүрэн гүйцэд ойлгоогүй хоёр хүний хооронд ихээхэн ялгаа бий. Тиймээс фермерүүдийн маань сэтгэлгээ төлөвших, мэдлэг чадвар нь нэмэгдэх нь тэдний бие даан хөгжих нэг үндэс суурь нь гарцаагүй мөн. Фермерүүдэд албан ба албан бус хэлбэрээр боловсрол олгох тогтолцоог даруйхан бий болгох шаардлагатай байна. Тухайлбал Хөдөө аж ахуйн их сургуульд шаталсан сургалтын системийг нэвтрүүлж, мэргэшсэн фермерийн дипломын сургалтыг 2-3 жилийн хугацаатайгаар явуулах, мөн фермерүүдэд мэргэжлийн онолын мэдлэг, практик дадал суулгах богино хугацааны сургалтуудыг нэвтрүүлэх цаг нэгэнт болжээ. Түүнчлэн яваандаа фермерийн аж ахуй байгуулах сонирхолтой оюутнуудыг фермерийн аж ахуйд үйлдвэрлэлийн дадлага хийлгэж хэвших.

4. Экстэншиний үйлчилгээ хөгжөөгүй
Экстэншинийн үйлчилгээ хөгжөөгүй байхад хөдөө аж ахуйн мэргэжлийн хүмүүс фермерүүдэд туслах юмсан, мэддэг чаддаг бүхнээрээ тэднийг дэмжих юмсан гэж ярихаас хэтрэхгүй. Тийм учраас эрдэмтдийн боловсруулсан мэдлэгийг фермерийн хашаа хороо, малын байр, тариалангийн талбайд аваачиж, тэдний үйлдвэрлэлийн технологи, бизнесийн менежментийг сайжруулах, аж ахуйгаа хөгжүүлэх эрмэлзлийг нь дэмжиж өгөх экстэншиний сүлжээг даруйхан буй болгох хэрэгтэй гэдэг дээр форумд оролцогчид бүгд санал нийлсэн юм. Зах зээлийн эдийн засгийн үед экстэншиний үйлчилгээг хувийн хэвшлийн хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дээр мэтгэлцсэн боловч энэ асуудлыг тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд дараагийн форумыг энэ сэдвээр хийхээр боллоо.

5. Мэдээллийн хомс байдал
Фермерүүд маань тэдний үйлдвэрлэл ба маркетингэд хэрэг болохуйц үнэн зөв, бодит мэдээллээр дутагдаж байгаа талаар олон оролцогчид өөрсдийн судалгааны үр дүн, фермерүүдтэй ажилласан туршлагадаа тулгуурлан хэлж байв. Юуны өмнө фермерүүд маань гэрээсээ шаардлагатай мэдээллээ олж авах бололцоо тун хомс байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр фермерийн аж ахуйн холбогдолтой мэдээлэл бараг байхгүй, зарим сонин, телевизийн сувгууд худал мэдээлэл нэвтрүүлэх тохиолдол ч гардаг. Жишээ нь ТВ 9-ээр гарсан Швейцарийн бяслагийн үйлдвэрийн тухай сурвалжлагад 1 кг бяслагийг үйлдвэрлэхэд 100 литр сүү зарцуулдаг гэж дурдаж байлаа. Зүй нь 10-12 литр байдаг юм. Нөгөө талаар фермерүүд хот суурин газруудаар явж, эрдэмтэд, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах тухайд бол танилтай ба танилгүй фермерүүдийн ялгаа ихээхэн гарч буйг арилгах шаардлагатай байна. Энэ асуудал нь мөн л экстэншиний үйлчилгээг хөгжүүлэхтэй холбогдож буй.

6. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн худалдаа хөгжөөгүйФермерийн аж ахуйн хөгжихөд түлхэц болох нэг хүчин зүйл бол маркетингийн зохицуулалт гэдэг дээр бид санал нийллээ. Өнөөдөр фермерүүд тус бүрдээ аль нэг боловсруулах үйлдвэртэй гэрээ хийх маягаар буюу эсвэл шууд хот суурин газруудад өөрсдөө аваачиж хүнсний захууд, дэлгүүр, ТҮЦ-үүдэд нийлүүлж байгаа байдал нь үргүй зардал үүсгэхийн зэрэгцээ борлуулалтын эрсдэл бий болгох тохиолдол бишгүй байгаа нь тэдний орлогын тогтвортой байдлыг алдагдуулж байна. Иймээс 1990-ээд оны эхээр ажиллаж байсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээг сэргээх нь фермерүүд болон боловсруулах үйлдвэрүүдэд аль алинд нь ашигтай шийдэл юм гэж дүгнэлээ. Биржийн үйл ажиллагааг сэргээснээр фермерүүдийн хорших эрмэлзэл ч нэмэгдэх давхар ач холбогдолтой.

1 comments:

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339