Хагас эрчимжсэн сүүний фермийн аж ахуй (2003 он) Thursday, September 13, 2007

Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар, Дэлхийн банкны санхүүжилтээр 2003 онд Монголын Бодлогын судалгааны төв, Шведийн Сканагри консальтингийн компанийн хамтран гүйцэтгэсэн судалгааны тайлан. Улаанбаатар, Дархан хот орчмын сүүний фермерийн аж ахуйд хийсэн эмпирик судалгаа нь багтсан байгаа. Одоо статистик мэдээлэл нь хуучирснаас биш фермүүдийн талаархи мэдээлэл хоцрогдоогүй л байна. Дээрхи гарчиг дээр дарж татаж аваарай!

Монгол орны бэлчээр, тэжээлийн нөөц

Гарчг дээр дарна уу!

Ази-Номхон далайн бүсийн орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын зарим үзүүлэлтүүд (1992-2002)

Дээрхи гарчиг дээр дарна уу!

Мал аж ахуйг эрчимжүүлэх боломжууд

Англиар "Executive Report - Study on Livestock Intensification in Mongolia" гэж нэрлэгдсэн судалгааг Хүнс Хөдөө аж ахуйн яамны захиалгаар Швейцарийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс гүйцэтгэж, тайланг нь 2007 оны 5-р сард гаргажээ. Англи хэл дээр бичигдсэн уг тайланг дараахь хаягаас татаж авна уу!
http://162.23.39.120/dezaweb/ressources/resource_en_155563.pdf

Аймгийн төвүүдийн үүсэл ба фрактал шинж

Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхим Ахлах багш, докторант Г.Жаргал

Өнөөгийн аймгийн төвүүдийн үүсэл нь 1600-аад оноос эхэлж, 1700-аад онуудад нэлээн өргөжин хүрээ, сүм хийд хурал номын газар, улмаар цэргийн хамгаалалт, худалдааны төв, XVIII-XIX зуунд улам бүр засаг захиргааны төв буюу суурин шинж чанартай болон хөгжиж ирсэн. 1930-аад оны үед 700 гаруй сүм хийд байсан боловч тэдгээрээс хүн ам олноор төвлөрсөн хүрээ, өртөөний төв, зам харгуй, голын гарам, жин тээврийн уулзвар, хүрээлэн буй байгалийн онцлогоос томоохон суурин газруудад одоогийн 21 аймгийн анхны 13, удаах 5, шинэ 3 аймгийн төвүүд байгуулагдсан түүхтэй байна.
Аймгийн төв нь “аяндаа цэгцрэх систем” буюу хөгжлийн хэрэгцээ, хандлагаар бүрэлдсэн фрактал шинж чанарыг агуулж байна. Фрактал шинж гэдэг бол бүхэл нь нэгжийнхээ, нэгж нь бүхэлийнхээ шинжийг агуулдаг, хөгжлийн жам ёсоор бүрэлдэн бий болдог зөв тогтолцоо юм. Аймгийн үүсэл, зохион байгуулалт нь өөрийн фрактал шинжтэйг хөгжлийн бодлогод харгалзах нь орон нутгийн хөгжлийн асуудалд чухал юм. Аймгууд болон аймгийн төвүүдийн суурингийн үүссэн түүхэн хугацаа, гарал нэр, байгуулах үндэслэл, тэдгээрийн хоорондын авто замын сүлжээ зэрэгт харьцуулалт хийж үзвэл аймгийн төвүүдийн үүсэл нь фрактал бүтэц агуулж байна. Дэлгэрэнгүй>>

Хавсралт 1
Хавсралт 2
Хавсралт 3

Эх сурвалж: Нээллтэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2005.12.13)

Монголын бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд

Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэйн зэрэгцээ хүн амын тодорхой хэсэг бэлчээрийн мал аж ахуй эрхлэн нэлээд таруу байршин нутагладаг онцлогтой Монгол Улсад бүс нутгуудын хөгжлийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай билээ.

Бүс нутгуудын хөгжлийн асуудлуудыг тодорхойлохдоо Монгол Улсын Их Хурал 2001 оны 6 дугаар сард баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д тусгасан Баруун (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг), Хангайн (Архангай, Булган, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг), Төвийн (Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймаг), Зүүн (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг) гэсэн 4 бүсийн схемийг ашиглав (Зураг 1).

Нийгмийн хөгжлийн асуудлууд

Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд манай эдийн засгийн бүсүүдэд ихээхэн буурч байна (Зураг 2).

Сүүлийн арваад жилд Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт гурван хувь байхад Баруун, Зүүн бүсэд энэ үзүүлэлт зөвхөн 0,2 хувь, Төвийн бүсэд 0,4 хувь, Хангайн бүсэд 1,3 хувь байв. Энэ хугацаанд манай улсын нийт хүн амын жилийн дундаж өсөлт 1,4 хувь байсантай харьцуулж үзвэл Баруун, Зүүн, Хангайн, Төвийн бүсэд энэ үзүүлэлт улсын дунджаас үлэмж бага байгаа нь тодорхой байна. Хэрэв энэ хугацаанд хүн амын ердийн цэвэр өсөлт улсын хэмжээнд бараг 2 дахин буурсны дотор Улаанбаатар хотод 59,2 хувиар, Хангайн бүсэд 52,2 хувиар, Зүүн бүсэд 51 хувиар, Төвийн бүсэд 50,5 хувиар, Баруун бүсэд 32,6 хувиар тус тус буурсныг тооцвол Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр (гурван хувь) байхад нөлөөлсөн гол хүчин зүйл нь шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй механик өсөлт мөн гэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгуудаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн хэт өндөр, хэвийн бус байна.

Бүс нутгуудын хооронд ажилгүйдлийн түвшний ялгаа их байна. Жишээлбэл, ажилгүйдлийн түвшин Хангайн бүсэд Төвийн бүсийн энэ үзүүлэлтээс 34.0 хувиар, Баруун бүсийн энэ үзүүлэлтээс 6.4 хувиар, Зүүн бүсийн энэ үзүүлэлтээс 4.3 хувиар, Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс 57.4 хувиар, улсын дунджаас 27.7 хувиар өндөр байна. Мөн ажилгүйдлийн түвшин улсын дунджаас Зүүн бүсэд 32.4 хувиар, Баруун бүсэд 29.4 хувиар өндөр байгаа юм. Үүний зэрэгцээ манай эдийн засгийн 4 макро бүс тус бүрийн ажилгүйдлийн түвшин Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс нэлээд өндөр байна (Зураг 3)
Эл байдал нь бүс нутгуудад ядуурал өсөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Амьжиргааны түвшний түүвэр судалгаанаас (1998 он) үзэхэд манай улсад 1998 оны байдлаар 849,8 мянган ядуу хүн байсны 221,6 мянга буюу 25,7хувь нь Улаанбаатар хотод, 271,8 мянга буюу 31,5 хувь нь аймгийн төв, томоохон суурин газруудад, 369,9 мянга буюу 42,8 хувь нь хөдөөд ногдож байна гэсэн дүн гарчээ. (Зураг 4) Эндээс тус улсын нийт ядуу хүн амын 70 гаруй хувь нь Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүсэд, өөрөөр хэлбэл эдийн засгийн 4 макро бүсэд ногдож байна гэсэн дүгнэлтийг хийж болно. Үүний дээр 1995 онтой харьцуулахад 1998 онд ядуу хүн амын хамралтын хүрээ Улаанбаатар хотод буурч, бусад хот суурин газарт (аймгуудын төв г.м) өссөн болон 2000 онд явуулсан “Амьжиргааны түвшинг оролцооны аргаар үнэлэх” судалгаанд оролцогчид “Хөдөө орон нутгийн бараг бүх газарт дундаж түвшний өрхүүд ядуурлаас гарах бус харин түүнд өртөгдөн, ядуу болон нэн ядуу өрхийн тоог нэмэгдүүлж байгаа” гэж үзсэнээс харахад бүс нутгуудын түвшинд ядуурлыг бууруулах шаардлага их байгаа нь тодорхой харагдана.

Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар ч бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байгаа юм. Зөвхөн нэг жишээ татахад Улаанбаатар, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул зэрэг аймаг, хотод нэг их эмчид ногдож байгаа хүний тоо харьцангуй цөөн байхад Завхан, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгуудад харьцангуй олон байна. Завхан аймагт нэг их эмчид ногдож байгаа хүний тоо Улаанбаатарынхаас бараг 4 дахин олон байгаа юм. Хүн амын хүнс, тэжээлийн хангамж, хүнсний аюулгүй байдлын түвшин ч аймаг, хот, бүс нутгуудаар багагүй ялгаатай байна.

Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар ч аймаг, хот, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Ялангуяа ерөнхий боловсролын системийн хөгжлийн түвшин аймаг, хот, бүс нутгуудаар багагүй ялгаатай байгаа юм. Төвөөс алслагдсан сул хөгжилтэй бүс нутгуудад дунд сургуулиудын хичээлийн байр цөөнгүй тохиолдолд шаардлага хангахгүй болсон байна. Эдгээр бүс нутагт багшлах боловсон хүчний чанар, хангамж ч харьцангуй доогуур түвшинд байна. Мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанар ч аймаг, хот, бүс нутгуудын хувьд харилцан адилгүй байна. Аймаг, сумдад мэдээллийн үйлчилгээний чанар, хүртээмжийг ихээхэн сайжруулах хэрэгтэй байна.

Дээр дурдсан жишээнээс үзэхэд, өнөөгийн Монгол Улсад ажилгүйдлийн түвшин, орлого, орон сууцны нөхцөл, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанар зэрэг хүн амын амьдралын түвшинг илэрхийлж байдаг гол үзүүлэлтүүд аймаг, хот, бүс нутгуудаар хэт их ялгаатай болжээ. Иймд хүн амын амьдралын түвшинг аймаг, бүс нутгуудын хөгжлийн нөөц боломж, өвөрмөц нөхцөл байдалд нь нийцүүлэн дээшлүүлэх нь Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна.

Эдийн засгийн хөгжлийн асуудлууд

Бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн доогуур байна. Юуны өмнө эдийн засгийн бүтцийн хувьд бүс нутгууд харьцангуй доогуур түвшинд байгаа юм. 2002 оны байдлаар эдийн засгийн 4 макро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ойролцоогоор 40.6-63.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 2.8-34.6 хувь нь үйлдвэр, барилгын салбарт, 24.4-39.6 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт тус тус ногдож байна. (Зураг 5) Хөдөө аж ахуйн салбарт байгалиас хараат бэлчээрийн мал аж ахуй тэргүүлэх үүрэгтэй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг тооцвол бүс нутгуудын эдийн засгийн бүтэц оновчтой биш байгаа юм. Иймд макро бүсүүдийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, улмаар экосистемийн тэнцвэрт байдалд зохицсон, эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох шаардлагатай байна.

Аж үйлдвэрийн хөгжлийн түвшин, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Энэ нь манай улсын боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бүс нутгуудын оруулж байгаа хувь нэмрээс тодорхой харагддаг. 2002 оны байдлаар боловсруулах үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 77.3 хувь нь Улаанбаатар хотод, 12.2 хувь нь Төвийн бүсэд, 7.7 хувь нь Хангайн бүсэд, 1,8 хувь нь Баруун бүсэд, 1.0 хувь нь Зүүн бүсэд тус тус ногдож байна.

Үйлдвэрлэлийн дэд бүтэц (төрөл бүрийн зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ г.м)-ийн хөгжлийн түвшний ялгаа мөн их байна. Жишээ болгон төрөл бүрийн замын сүлжээний хангамжийг аймаг, бүс нутгуудаар авч үзье.

Хүснэгт 1

Төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн үнэлгээ, эдийн засгийн бүсүүдээр

Бүсийн нэр Үзүүлэлт (Коэффициент
Баруун 0,13
Хангайн 0,88
Төвийн 1,60
Зүүн 0,63

Төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн хувьд Завхан, Баян-Өлгий зэрэг аймагт энэ үзүүлэлт Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийнхаас олон дахин доогуур байгаа юм. Манай олонхи аймгуудад сайн чанарын замын сүлжээ бүрдээгүй байгаа нь тээвэрлэлтийн зардлыг өсгөж тэдгээрт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихөд ихээхэн саад болж байна.

Эрчим хүчний сүлжээний хангамжийн байдал ч аймаг, хот, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. Ялангуяа Баруун, Зүүн бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох шаардлага гарч байна. Нөгөө талаар манай ихэнхи аймгуудын нийт өрхийн ойролцоогоор 50 хувийг эзэлдэг малчин өрхийг эрчим хүчний бага оврын эх үүсвэрийг ашиглан цахилгаанаар хангах шаардлага их байна.

Дээр дурдсан шалтгаанаар, эдийн засгийн хөгжлийн ерөнхий түвшин аймаг, хот, бүс нутгаар ихээхэн ялгаатай байгааг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) ялгаанаас харж болно. Нэг хүнд ногдох ДНБ Орхон аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа бөгөөд Баянхонгор аймгийн энэ үзүүлэлтээс 5.1-6.6 дахин их байна. Эдийн засгийн бүсүүдийн хувьд авч үзвэл энэ үзүүлэлт бас их ялгаатай байгаа юм. (Зураг 6)

Жишээлбэл, Баруун бүсийн нэг хүнд ногдох ДНБ Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс 3.6 дахин бага, Хангайн бүсийн энэ үзүүлэлтээс 1,7 дахин бага, улсын дунджаас 2.2 дахин бага байгаа юм. Зүүн бүсийн нэг хүнд ногдох ДНБ баруун бүсийнхээс 1.4 дахин их байгаа боловч улсын дунджаас 1.5 дахин бага байгаа аж .

Үүнээс үзэхэд аймаг, хот, бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх явдал Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болсон нь тодорхой байна.

Нэг хүнд ногдох ДНБ, боловсролын байдал, хүн амын дундаж наслалт, ажилгүйдлийн түвшин, эрчим хүчний хангамж, төрөл бүрийн замын сүлжээний хангамжийн коэффициент, хүний хөгжлийн индекс зэрэг шалгуур үзүүлэлтийг тооцон аймаг, хот, бүсүүдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний нэгдсэн үнэлгээг хийж үзэхэд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн хөгжлийн ерөнхий түвшин Улаанбаатар хот, Орхон аймгийнхаас ойролцоогоор 9 дахин, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнхаас 3-4 дахин доогуур байна. Булган, Дундговь, Дорнод аймгийн хөгжлийн ерөнхий түвшин Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийнхаас дунджаар 2 дахин дээгүүр, харин Улаанбаатар хот, Орхон аймгийн энэ үзүүлэлтээс 4 дахин доогуур байх жишээтэй. Эдийн засгийн бүсүүдийн хооронд ч хөгжлийн ерөнхий түвшний ялгаа их байгаа юм.

Хүснэгт 2

Эдийн засгийн макро бүсүүдийн хөгжлийн түвшний харьцуулсан үнэлгээ

Бүсийн нэр Үнэлгээний коэффициент
Баруун 1,00
Зүүн 1,50
Хангайн 2,40
Төвийн 2,80
Улаанбаатар 7,50

Монгол Улсад нийгмийн хөгжлийн хүрээнд ч, эдийн засгийн хөгжлийн хүрээнд ч аймаг, хот, бүс нутгууд хооронд ихээхэн ялгаатай байгаа нь Улаанбаатар болон Төвийн бүс рүү чиглэсэн “их нүүдэл” өргөжиж, улмаар манай улсын төв хэсэг, Улаанбаатар хотын ойролцоо бэлчээрийн даац хэтрэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, бусад бүс нутагт хүн ам хэт цөөрч нутаг орон эзгүйрэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм. (Зураг 7)

Судалгаанаас үзэхэд эдийн засгийн макро бүсүүдээс шилжин явж байгаа хүмүүсийн үндсэн шалтгаан нь ажил эрхлэх, зах зээлд ойртох, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох, боловсрол эзэмших нөхцлөө сайжруулах зэрэг асуудал юм. Макро бүсүүдээс шилжин явагчдын насны бүтцийг авч үзвэл 15-25 насныхан зонхилж байна. Зөвхөн Увс аймгаас нэг жил (1998 он)-ийн дотор 641 өрх, 3615 хүн Төвийн бүс рүү шилжиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл нэг сумын хүн амтай тэнцэх тооны хүн шилжин иржээ.

Байгалийн нөхцөл, нөөцийн ашиглалт, хамгаалал

Өнөөгийн Монгол Улсад экосистемийн тэнцвэрт байдлын алдагдал ч улам бүр бүс нутгийн шинж чанартай болж байна. Энэ нь юуны өмнө бүс нутгуудын хооронд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа ихсэж зарим хот, бүс нутгуудад хүн, мал, үйлдвэрлэл хэт бөөгнөрч байгаатай холбоотой юм. Сүүлийн үед Төвийн бүс нутагт хүн, мал хэт бөөгнөрөн нутаг дэвсгэрийн даац, ачаалал хэтэрч, экологийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдах болов. Түүнчлэн зарим бүс нутагт ашигт малтмал олборлолт өсч, мал сүргийн бүтэц алдагдаж, бэлчээр ашиглалтад бий болсон гажуудалтай холбоотойгоор экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна.

Экосистемийн тэнцвэрт байдлын алдагдал нь ус, агаарын бохирдол, хөрсний эвдрэл, бэлчээрийн даац хэтрэлт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөн дор бий болсон цөлжилтийн үйл явц зэргээр илэрч байна. Судлаачдын үзэж байгаагаар манай орны төв хэсэгт, томоохон хотуудын ойр орчимд гадаргын болон гүний усны бохирдол ихсэх хандлагатай болж байна. Ялангуяа, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зэрэг хотуудын орчимд Туул, Хараа, Орхон, Хангал голуудын урсац багасч, усны нөөц бохирдож, эрдэсжилтийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс байнга давах болов. Газар тариалангийн гол бүс–Орхон-Сэлэнгийн сав нутагт нийт эргэлтийн талбайн 90 орчим хувийг хамруулан явуулсан судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан тариалангийн талбайн 47хувь ямар нэгэн хэмжээгээр элэгдэл, эвдрэлд орсноос 13 хувь нь хүчтэй, 28 хувь нь дунд зэрэг эвдэрсэн аж. Ер нь тариалангийн талбайн хөрсний эвдрэлийн 90 орчим хувь нь Төв (36 хувь), Архангай (14 хувь), Булган (13 хувь), Сүхбаатар (13 хувь), Сэлэнгэ (12 хувь) зэрэг аймагт ногдож байна.

Бэлчээрийн даац ашиглалтад гарсан гажуудлаас үүдэн манай орны янз бүрийн бүс нутагт бэлчээр ихээхэн талхлагдах болсон байна. Одоогийн байдлаар нийт 9 сая орчим га бэлчээр маш ихээр талхлагджээ.

Сүүлийн жилүүдэд манай бараг бүх аймагт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын хэмжээ өссөнтэй холбогдож, хөрс эвдэрч, ургамал нөмрөг муудах хандлагатай болов. Жилд дунджаар 300-600 мянган шоо метр хөрс хуулж байна. Манай улсын нутаг дэвсгэрийн өмнөд хагаст төдийгүй нийт нутагт цөлжих үйл явц эрчимжих хандлагатай болжээ. Биологийн зарим төрөл зүйл зарим бүс нутагт устаж алга болох аюул ч нүүрлэж байна.

Зохиогч: Л.Цэдэндамба нь “Бүс нутгийн хөгжлийн судалгаа сургалтын төв”-ийн тэргүүн, Монголын Хөгжлийн Институтын Эрдэмтэн нарийн бичгийн дарга болно
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.11)

Хүнсний аюулгүй байдлын менежментийн асуудалд

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний төвшин. Статистикийн албан ёсны мэдээгээр манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80 хувь, сүү, цагаан идээний 20хувь, төмс, хүнсний ногооны 27,5-66,7 хувь, будаа, чихрийн зүйл, ургамлын болон цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлж байна. Хүнсэнд хэрэглэж байгаа малын 94,6 хувь, сүүний 2,3 хувь-ийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хэрэгцээний зонхилох хэсгийг чанар, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүгээр хангадаг болов. Жишсэн дундажаар нэг хүн хоногт уураг, өөх тосыг зөвлөмж хэмжээний төвшинд хэрэглэж, харин нүүрс усны хэрэглээ зөвлөмжөөс 70-80 г.-аар бага байна. Жимс, хүнсний ногоо, ургамлын тос, загасны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ туйлын бага байгаа нь нийт хүн амын дунд аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил зэрэг биологийн идэвхит бодисын дутал бодитой оршиж байна гэж үзэх үндэслэл болж байна.

Улсын дундажаар авч үзвэл хүнсний хэрэглээнд мах, гурил зонхилж, харин хотын хүний хэрэглээнд сүү, цагаан идээ хөдөөгийнхөөс бараг 4 дахин бага, хөдөөгийн хүний хэрэглээнд төмс, хүнсний ногоо маш бага хэвээр байна. Хүнсний хэрэглээний оновчтой бүтэц ийнхүү алдагдсан нь аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил, пробиотик бичил биетэн зэрэг биологийн идэвхит хүчин зүйлсийн хомсдолд хүргэж, түүнээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны элдэв өвчин, ясны сийрэгжилт, эрт өтлөлт зэрэг эмгэг хүн амын дунд болсоор байна. Манай улсын хүн амын 30 хувь нь буюу 750 мянган хүн ядуу, хүнсний хомсдолтой, зөвлөмж хэмжээний төвшинд бүрэн хооллож чадахгүй байна. Дэлхий мянганы зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас гаргасан тогтоолд хүнс хоолны хомсдолтой байгаа 750 мянган хүнийхээ хүнсний асуудлыг шийдвэрлэх зорилт тавиагүй, харин 2012 он гэхэд хүүхдийн тураалыг зогсоох тухай л заажээ. Манай улсад тураалтай хүүхэд гол төлөв хүн амын ядуу хэсгийн дотор байгаа учраас ядуучуудын хүнсний асуудлыг шийдэлгүйгээр хүүхдийн тураалаас гарч чадна гэдэг нь тун эргэлзээтэй.

Монгол Улсын хүнсний бодлого, эрх зүйн орчин
Хүнсний аюулгүй байдал нь үндсэн 3 тулгуураас, тухайлбал хүнсний зүйлийн хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдал, шим тэжээлийн байдлаас бүрдсэн цогц асуудал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тодорхойлж, хувь хүн, өрх гэр, улс гүрэн, бүс нутаг, дэлхийн хэмжээнд хүнс хоолны бодит үнэлгээг гаргахдаа энэ зарчмыг баримталдаг юм зур.1. Монгол Улсын Хүнсний тухай анхны хуулинд (1995) олон улсын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн “ хүнсний аюулгүй байдал гэж хүнсний зүйлийн хангамж, бүтцийн болон чанар, эрүүл ахуйн хэмжээ хангагдсан байдлыг хэлнэ” гэж заасан боловч уг хуулийн шинэчилсэн найруулга (1999)-д “ хүнсний аюулгүй байдал гэж хүнсэнд чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байхыг хэлнэ” гэж хангамж, хүрэлцээний асуудлыг орхиж, хүнсний бодлогын цогц байдлыг алдагдуулжээ.

Зураг 1. Хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн


Олон улсын хэмжээнд “хүнсний эрх” гэж “хүрэлцээтэй, шимт бодисын зохистой харьцаатай, аюулгүй хоол хүнсийг авбал зохих хамгийн бага хэмжээ“-г хэлдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд (1948) “хүн бүр хоол хүнс .....ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй“,Эдийн засаг, соёлын эрхийн тухай Олон улсын пактад (1966) “хүн бүр . . . хоол хүнстэй байх эрхтэй“-г цохон тэмдэглээд нэн тэргүүнд “өлсгөлөн, тэжээлийн доройтлоос ангид байх эрх“-ийг онцлон заажээ. Хүнсний анхны хуулийн (1995) нэгдүгээр бүлгийн 4 зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр хүн бие махбодийнхоо хэрэгцээ, шаардлагын дагуу хүнс хоолоор хангагдах эрхийг заасан боловч шинэчилсэн найруулгад хүнсний эрхийн асуудлыг бүхэлд орхижээ.

Хүнсний аюулгүй байдлын асуудал нь аливаа улс гүрний үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байдаг учраас бодит үнэлгээг тодорхой хугацаанд хийж, төр, засаг, ард иргэд бүгдээрээ шүүн хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч байдаг юм. Хүнсний тухай хуулийн холбогдох заалтууд нийслэл, аймаг, дүүрэг, сумын төвшинд хэрэгжихгүй, түүний хэрэгжилтийг холбогдох албан тушаалтнаас асуудаг, шаарддаг тогтолцоо ч байхгүй байна. Үндэсний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль (2001)-иар үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүнсний аюулгүй байдлыг оруулаагүй, харин өлсгөлөнг нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлын дотоод сөрөг хүчин зүйлд хамааруулжээ. Өөрөөр хэлбэл өлсгөлөнд нэрвэгдээгүй л бол хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний хэмжээнд анхаарал татахгүй юм шиг ойлгогдож байна. Засгийн газрын тухай хуулинд хүн амын хүнсний хангамжийн бодлогыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд эрхлэхээр зааж, харин хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, шимт чанарын асуудлыг эзэнгүй орхижээ. Ийм ч учраас хүнс, хоолноос улбаалан хүний эрүүл мэндэд хохирол учрахад Эрүүл мэндийн сайд зөвхөн ажиглагчийн байр суурь эзэлж, хүнсний бүтээгдэхүүний шимт чанарын үнэлгээ, эрүүл хүнсний бодлого орхигдож байна. Улсын мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагууд хүнсий бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн талаар үзлэг, шалгалт, хяналт шинжилгээний ихээхэн ажил байгаа боловч бодит үр дүн хангалтгүй, өнөөдөр илэрсэн дутагдал дахин давтагдахгүй байх нь тун ховор байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний гэрчилгээний эрх зүй, үзүүлэлтийн талаар нийлүүлэгч орны эрх бүхий байгууллагатай албан ёсны хэлэлцээр байхгүй, шинжилгээний арга зүйг нэгдсэн системд оруулаагүй, эх орны хүнсний үйлдвэр, бүтээгдэхүүний эрүүл ахуйн хэм хэмжээг албан ёсоор тогтоогоогүй, тэр ч байтугай Монголын эрүүл ахуйн ерөнхий эмч хэн болох нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Стандарчилал, тохирлын үнэлгээний хуулийн дагуу хүнсний бүтээгдэхүүн тохирлын үнэлгээнд заавал хамрагдах ёстой ч чанарын баталгаа, гэрчилгээгүй, харийн хэлээр бичигдсэн хаяг, шошготой хүнсний зүйлийг гадаадаас хувь хүмүүс ихээр зөөдөг хэвээр, эх орны үйлдвэрүүдэд чанарын удирдлагын ИСО 9001 станадрт, эрүүл ахуйн хяналтын НАССР тогтолцоог нэвтрүүлэх ажил сургалтын шатнаас гарч чадаагүй байна. Нөгөө талаар хүнсний зөв хэрэглээ, эрүүл хооллолтын талаар хэрэглэгчдэд мэдлэг дадлага олгох ажил зар сурталчилгаа төдийгөөр хязгаарлагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналтын тогтолцоо оновчгүй байгаагаас үйлдвэрлэгч, худалдагчийн хариуцлагыг мэргэжлийн хяналтын албад хүлээдэг болжээ.

Зураг 2. Хүнсний бодлогын үндэсний зөвлөлийн бүтэц


Хүнсний бодлого, аюулгүй байдлын менежментийн шинэ чиглэл
Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутагддаг гэсэн үзэл бодолд тулгуурласан гал унтраах төдий өнөөгийн арга барилаас салж, хүний хүнсний эрхийг хангах стратеги, ялангуяа эх орны нөөцийг чадамгай ашиглан “хүнс үйлдвэрлэх” ерөнхий ярианаас хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг хөгжүүлэх, иргэн, өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц орлоготой болох, хүнсний дотоодын үйлдвэрлэлт, импорт, экспортын зохистой харьцаа тогтоох зэргээр стратегийн асуудлуудад шилжих шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хүнсний бодлогын стратегиа зөв тодорхойлж, хэрэгжиж байгаа нэртэй, бодитой үр дүн өгөхгүй байгаа дотоод, гадаадын олон хөтөлбөр, төслүүдийг нэгдсэн стратегийн хүрээнд шинэчлэх шаардлагатай байна. Хүнсний асуудлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болгож, Хүнсний бодлогын үндэсний зөвлөл байгуулан хүнсний хангамж, хүрэлцээ, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын стратеги, үйл ажиллагааг хариуцуулан ажиллуулах нь манай орны хөгжлийн өнөөгийн шатанд төдийгүй цаашид ч чухал ач холбогдолтой юм (зур.2).

Зураг 3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хариуцлагын зарчим


Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг томтой, мал сүрэг хүрэлцээтэй оронд хүнсний бүтээгдэхүүн зөвхөн, дутах бус бас илүүдэх аюул ч тохиолдох эрсдэл байдаг учир фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрийг алс хэтийн бодлоготой хөгжүүлэх учиртай. Хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг “хүний хүнсний эрхийг хангах, хүн амын эрүүл хооллолтын бодлого”-ын хүрээнд хөгжүүлбэл ажлын байрыг олноор буй болгож, тодорхой тооны өрх айлын амьжиргааны тfвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр болно. Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн тfвшинд үнэлгээ өгч, богино, дунд, урт хугацааны стратеги, үйл ажиллагааг тодорхойлох “Хүнсний бодлого судлалын төв”-ийг Үндэсний зөвлөлийн дэргэд байгуулан ажиллах нь шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн цогц судалгааны үндсэн дээр бодит байдлыг зөв үнэлж, стратегийг оновчтой тодорхойлон чиглэсэн зорилго бүхий үйл ажиллагаа өрнүүлэх чухал нөхцөл болно. Хүнсний бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаа Монгол улс байтугай, хүнсний асуудлаа бүрэн шийдвэрлэсэн Америкт, бидэн шиг “социализм” байгуулж явсан ОХУ, бус оронд ч хүнсний бодлогын бодит байдал, хэтийн төлвийг бие даасан эрдэм шинжилгээний байгууллага тандан судалж, төр, засгаас ул үндэстэй, алс хэтийн харсан шийдвэр гаргаж байна.

Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах үндсэн арга зам нь төрийн зүгээс хянаж, шалгахад бус, харин үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, түүнийг үнэн зөв мэдээллээр хангаж, жинхэнэ “хаан”-аар өргөмжлөн ажиллахад оршиж байдгийг зах зээлийн арвин туршлагатай орнуудын жишээ харуулж байна. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд үйлдвэрлэгч, нийлүүлэгч юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх, харин хэрэглэгч өөрийн эрүүл мэндэд зөвхөн эрсдэлгүй бус, харин ач тустай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх зарчим юм. Ийм учраас хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хариуцлагыг юуны өмнө үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүлээдэг, харин хэрэглэгч хянадаг зарчмыг санал болгож байгаа юм (зур.3). Шинэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Хүнс, эмийн хяналтын албыг тусгайлан байгуулах, Эрүүл мэндийн сайдад Монгол улсын Эрүүл ахуйн ерөнхий эмчийн эрх, үүргийг хариуцуулах, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай зэрэг хуулиудыг шинэчилж, шинээр Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тухай, Шилжмэл ген бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бүртгэл хяналтын тухай, Хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээний лабораторийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын тухай зэрэг хуулиудыг гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эрх зүйн ийм шинэчлэлтээр хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн аж ахуйн нэгж, худалдаа, тээвэр, үйлчилгээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах харилцаа, үүрэг, хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх боломжтой.

Монгол хүний хүнс хоолонд биологийн идэвхит ямар хүчин зүйл нэн чухал байгааг бид тогтоож чадаагүй байгаагаас гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр давс йоджуулах, гурил төмөржүүлэх зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг механик аргаар баяжуулахад анхаарч, харин биотехнологи, биохими, хальсан шүүлт, цахилгаан соронзон, гэрлийн долгион ашиглах зэрэг технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого орхигдож байна. Энэ байдал нь “эмчилгээ, сувиллын бүтээгдэхүүн” нэрийн дор чанар, эрүүл ахуй, гарал үүслийн баталгаагүй, хуурамч, дуураймал барааг эх орны зах зээлд ихээр гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэж байна. ОХУ, Казахстан, АНУ, БНХАУ-ын жишээгээр хүнсний технологи, хооллолт зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх хүний нөөцийн бололцоо Монголд байна. Ер нь хүнсний үйлдвэрлэлийн технологийг хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгын дор хөгжүүлбэл хүнсний асуудлыг цогц утгаар нь шийдвэрлэх боломж бүрдэнэ.
ШУТИС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2007.06.20)

Хөдөөгийн хөгжил дэх зээл, тусламжийн үр нөлөөний тухайд

Ерээд оноос хойш арваад жилийн хугацаанд Монгол Улс 2.5 тэрбум ам. долларын хөгжлийн албан ёсны тусламжийг авчээ. Энэ тоо нь хөдөөгийн долоон аймгийг хамарсан «Хөгжлийн албан ёсны тусламж хөдөөгийн хөгжилд» судалгааны дүнд гарсан тоо юм. Уг судалгааг Нээлттэй Нийгэм Форумаас хийлгэсэн байна. Хөгжлийн төлөө авч байгаа эдгээр зээл, тусламж нь биднийг тусламжаас өндөр хамааралтай орон буюу хамааралтай 30-хан орон байдгийн дөрөвдүгээр байрт оруулжээ.

Нэг талдаа манай эдийн засаг биеэ дааж хөгжих үндэс суурь байхгүй болохоор гадны зээл, тусламж л бидний амьдралыг өдий дайнд чирж яваа юм чинь гэж өмгөөлөх нэгэн байхад нөгөө талдаа аливаа юмны тун нь хэтрэхээрээ буруу тийшээ явдаг гэдэг үнэн бас зэрэгцдэг. Гэхдээ хөгжлийн албан ёсны тусламжийн 51 хувь нь зээл, 49 хувийг нь буцалтгүй тусламж эзэлж байна. Харамсалтай нь энэхүү их хөрөнгө мөнгө нь хөдөөгийн хөгжилд дорвитой үр дүнг үзүүлсэнгүй гэсэн хариуг судалгааны эцэст гаргажээ. Ямар учраас зээл, тусламжийг оновчтой ашиглаж чадахгүй байна вэ?

Хөдөө рүү чиглэсэн зээл, тусламжийн бодлого, зохицуулалт нь оновчгүй, төрийн алба нь дэндүү нүсэр, хүний нөөцийн удирдлага муутай, цалин хэт бага, авилгал хуйвалдаан хавтгайрсан, эдийн засгийн үр ашгийг тооцдоггүй гэсэн олон шалтгааныг энд дурджээ. Түүнчлэн улстөржилт, шийдвэр нь олон шат дамждаг, мэдээлэл муу, хяналт хангалтгүй, үр дүнг тооцох тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанууд байгаа гэнэ.

Ихэнх зээл, тусламжийн хөрөнгө нь дэд бүтэц, нийгмийн салбарт зарцуулагджээ. Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын байгууллагад тусламж их орлоо гэхэд тухайн улсын эдийн засагт өсөлтийг авчирдаггүй гэсэн судалгааны дүгнэлт байдаг юм билээ. Нийт тусламжийн 30 хувь нь дэд бүтэц рүү чиглэснээс харахад Засгийн газраас сүүлийн арваад жилд энэ салбарт тэргүүлэх ач холбогдол өгч байснаар тайлбарлаж болох ажээ. Ингэснээр эрчим хүчний хямралаас гарч, зам харилцаа сайжирсан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдсэн, интернэт мэдээлэл харилцаа аймгуудын түвшинд хүрсэн давуу талууд бий.

Хөдөөгийн иргэд энэ талаар ойлголт тааруухан төдийгүй тусламж гэдэгт ганц нэг шуудай гурил, будаахан төдий л гэсэн ойлголттой байдаг байна. Ер нь тусламжийг хүртэгсэд нь төр захиргааны ажилтнууд, сум, хороо, багийн дарга нар тэдний ойр дотны хамсаатнууд нь байдаг байна. Ялангуяа Засгийн газрын шугамаар хэрэгжсэн төслүүдийг хөдөөнийхөн мэддэггүй аж. Донор байгууллагуудаас хэрэгжсэн Дэлхийн банкны «Тогтвортой амьжиргаа», АНУ-ын «Говийн санаачилга», ХБНГУ-ын «Нөхөн үржихүйн төслүүд»,Японы«өвснийүндэс»зэрэг 10 төслийг хөдөөнийхөн хамгийн сайн мэддэг байна. Энэ нь ч бас учиртай. Тэдэнд хүрсэн зүйлийг хийж чадсан учраас ийм мэдээлэлтэй байж магад.

Харин энэ зээл, тусламж нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хэр нөлөөлсөн бэ гэдэгт аймгийн төр, захиргааны ажилтны 80 хувь нь «сайн», бизнес эрхлэгчдийн 10 хувь нь «сайн», нутгийн оршин суугчид, жирийн иргэд «мэдэхгүй», «ялгаа байхгүй» гэсэн үнэлгээг өгчээ.

Үнэхээр манай төрийн ба төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж нь үр дүнтэй байж чадахгүй байгаа бол хөдөөгийн хөгжлийн ямар чиглэл рүү бодлогоо хандуулах хэрэгтэй болж байна вэ? Судалгааны зөвлөмжид юуны өмнө хөгжлийн албан ёсны тусламжийг ашиглах дунд болон урт хугацааны стратеги боловсруулж хөгжлийн тушаа болоод байгаа асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэжээ. Үүнд хөдөөгийн эрчим хүчний хязгаарлалтын бэрхшээлийг шийдвэрлэж өөр эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн аймгийн төвийнхөнд тохилог орон сууц хэрэгтэй байгаа учраас урт хугацааны маш бага хүүтэй орон сууцны зээлийг бий болгох шаардлагатай аж. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд олон шат дамжлагагүйгээр урт хугацааны, маш бага хүүтэй зээл хэрэгтэй гэсэн үг судлаачийн уулзсан бизнес эрхлэгч болгоны амнаас гарч байжээ.

Засгийн газар хандивлагчдаас 20-30 жилийн хугацаатай, жилд нэг хувийн хүүтэйгээр зээл авчихаад арилжааны банкаар дамжуулж хөдөөгийн бизнес эрхлэгчдэд очихоороо 36-42 хувийн хүүтэйгээр очдог төдийгүй бас дээр нь маш их тодорхойлолт, тооцоо, баталгаа, барьцаа шаарддагийг хөдөөнийхөн шүүмжилж байжээ.

Тухайн зээл хэрэгжихээс эхлээд дуусах хүртэл зээлийг ашиглагч нь гол тоглогч байх хэрэгтэй юм байна. Судалгаанаас үзэхэд зээлийг ашиглагч идэвхтэй оролцсон тохиолдолд үр дүн нь дөрөв дахин дээшилдэг гэж үздэг гэнэ. Мөн гадаадын зөвлөхийн зардал хэт өндөр байгаад хязгаар тогтоох шаардлагатай гэж мөн дүгнэсэн байна.

Сангийн яамнаас эдийн засгийн хөгжлийн бодлогыг салгаж, хөгжлийн бодлогыг гаргаж ирдэг «толгой» төвийг байгуулж, ТББ, хүрээлэн, иргэд, бизнесийн төлөөллийн тэгш оролцоотой гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл нь бас зохицуулалтаа хийдэг байх гэнэ. Зээлийн бодлого, зохицуулалт дээр анхааран одоогийн байгаа байдлаасаа зээлийг 35 хувь, буцалтгүй тусламжийг 65 хувьд хүргэх чиглэл рүү явах хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламжийнхаа хэмжээг нэмж, зээлээ багасга гэсэн үг.

Ирж байгаа зээл, тусламжийг өөрийнх нь жинхэнэ утгаар нь зөв зарцуулах юм бол үр дүнтэй байх дамжиггүй. Гадны тусламжаар хөл дээрээ босч хөгжлийнхөө зөв замд орсон улс олон байдаг. Хөгжлийн үлгэр дууриал болгон ярих дуртай Тайвань, өмнөд Солонгос, Тайланд, Гонконг, Сингапур улсууд тусламжийн мөнгөн дээр босч барын зам руу орсон гэдэг. Тийм болохоор бид зээлийн бодлогоо зөв боловсруулбал бидэнд хөгжил ирэх ч юм бил үү.
Г.ӨЛЗИЙСАЙХАН
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.12.15)

Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй ба малчдын төсөөлөл

Монгол Улс сүүлийн гурван жилд /2000-2002/ байгалийн гамшгийн нөлөөгөөр нийт малынхаа 30 хувь буюу 10 гаруй сая мал хорогдуулжээ. Зөвхөн ганцхан жишээ дурдахад ийм л байна. 30 гаруй сая малтай байсан монголчууд гуравхан жилд их хэмжээний малаа барж эдүгээ 25 сая гаруй толгой болжээ. Мал, малчин хоёр яаж ч тэмцээд дийлдэггүй ялагддаг хүчин зүйл нь энэ юм. Зарим мэргэжилтэн байгаль өөрөө зохицуулж байгаа мэтээр ярьдаг ч малчны амьжиргааны эх үүсвэрийг нь хүний хоол булааж байгаа юм шигээр үгүй болоход харамсч, халаглах хүн их.

Дэлхийн уур амьсгалын нөлөөнөөс болж Монгол орны нутаг дээрх хур тунадас, агаарын температур огцом өөрчлөгдөж ган, зудын давтамж ихэссээр байгаа төдийгүй тэр нь бидний амьдрал, тэр дундаа манай голлох үйлдвэрлэл болох мал аж ахуйн салбарт их хэмжээний хохирлыг учруулсаар ирлээ. Мэргэжилтнүүдийн судалгаагаар ойрын 20-50 жилийн уур амьсгал манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд таагүй нөлөөлөх байдал нь зууны сүүлийн хагаст бүр ч идэвхжиж болзошгүй гэсэн урьдчилсан баримжаа гарчээ.

Мал нь цаг уурын байдлаас хараат, цаг агаар нь яаж ч өөрчлөгдөж мэдэх тул цаашид мал маллагааныхаа арга барилыг энэ маягаар нь авч явж чадах уу, үгүй юү гэсэн асуултын хариуг олох хэрэгтэй байна. Түүнчлэн байгалийн эрсдэлээс яаж хамгаалах вэ?

Нэгэнтээ ийм цаг уурын нөлөөн доор хэдэн мал нь хорогдсоор байхад малчид маань малаа орхих бодолгүй байгааг «Монголын мал аж ахуйн ирээдүй, олон нийтийн санаа бодлыг тандах нь» сэдэвт судалгаанаас дүгнэжээ. Тэд ямар тохиолдолд малаа орхих вэ гэсэн асуултад ямар ч тохиолдолд орхихгүй гэж 47,5 хувь нь хариулсан байхад дөнгөж есөн хувь нь өөр боломжийн ажил олдвол мал маллахаас татгалзаж болох юм гэсэн хариултыг өгчээ.

Амьдрах амьжиргааных нь эх үүсвэр болсон мал нь ган, зуданд хорогдсоор байгаа ч малчдын ихэнх нь малаа орхиж хот бараадахыг хүсэхгүй байлаа ч нийт малчин өрхийн 90 орчим хувь нь 200-аас доош малтай болохоор цаашид тэдний амьдрал дээшилж дундаас дээш амьдралтай болох ирээдүй байна уу гэдэг асуулт гарч байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд малчны тоо нэмэгдэж хөдөлмөрийн чадвартай нэг малчинд ногдох малын тоо багассан нь үүнтэй холбоотой. Судалгаагаар хөдөлмөрийн чадвартай нэг хүнд ногдох малын тоо /богд шилжүүлснээр/ 70,1 толгой мал болж байна. 70 богоос жилдээ 200-300 мянган төгрөгний бүтээгдэхүүн авна гэж үзэхэд өрх гэрийн амьдрал ахуйд яавч хүрэлцэхгүй тооцоо гарч байна. Ер нь өрхийн нэг хүнд ногдох малын тоо 150 толгой хүрч байж л малчдын хүсэн хүлээж буй хэрэгцээг хангаж чадахаар байгаа гэнэ. Энэ тоонд хүрч чадсан малчин цөөхөн. Тийм болохоор малчдын туйлын хүсэл нь малын тоо толгойгоо нэмэгдүүлэх юм байна. Тэдний 71,2 хувь нь ч үүнтэй санал нэг байна.

МАА-н салбарт 380 гаруй мянган малчин ажиллаж байгаагаас 160 мянган малчин хөдөлмөрийн бүтээмж багаас болж ашиг орлого олж амьдралаа дээшлүүлэх боломжгүй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 58,4 хувь нь амьдралд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвийн, 28,3 хувь нь амьжиргаа нь дордсон гэсэн байхад 13,1 хувь нь сайжирсан гэсэн хариултыг өгчээ. Амьжиргааных нь хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа ч гэсэн малчдын 63,6 хувь нь мал маллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг ажээ. Харин малгүй болсон тохиолддолд 16,1 хувь хот суурин газарт шилжиж өөр ажил хийнэ гэжээ.

Малчдын ойрын үед малын тоо толгой өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, хашаа хороо барих, томсгох ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан нараас мал аж ахуйн хөгжлийн ирээдүйг яаж төсөөлж байгааг сонирхоход 86,3 хувь мал аж ахуйг эрчимжүүлж хөгжүүлэх шаардлагатай гэжээ. Харин 5,5 хувь нь мал аж ахуй ийм байдлаараа явбал сүйрнэ гэж үзжээ.

Хэдийгээр нөхцөл нь ийм байгаа ч малчдын ойрын үеийн зорилгоо малын тоо, толгойг өсгөх гэж тодорхойлжээ. Зарим судлаачид малын бэлчээрийн даац хэтэрлээ энэ хэмжээндээ байх ёстой гэдэг ч, нөгөө хэсэг нь 80 гаруй сая мал багтаах бололцоотой учраас малаа өсгөхийг дэмжиж байдаг. Малын тоо толгой хорогдсон онуудад эдийн засгийн салбарт ХАА-н салбарын гүйцэтгэх үүрэг буурсан төдийгүй ХАА-н бүтээгдэхүүнд МАА-н салбарын эзлэх хувь ч буурсан байна.

Гэтэл малаа өсгөхөд малчдын өмнө тулгарч байгаа бэрхшээл багагүй байдаг байна. Байгаль, цаг уураас гадна энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүд нь чухал асуудалд чиглээгүй, хүртээмж, үр өгөөж муу байдаг төдийгүй хууль тогтоомж нь санаанд огт нийцдэггүй гэжээ. Тухайлбал Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны 29,1 хувь нь бүрэн нийцдэг, 11,5 хувь нь зарим нь нийцдэг, 38,3 хувь нь огт нийцдэггүй, 21,0 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, арга хэмжээ нь төдийлөн малчдын сэтгэлд нийцдэггүй юм байна гэж дүгнэж болохоор байна.

Ерээд оноос өмнө мал үржлийн ажил, малын тэжээлийн үйлдвэрлэл амжилттай байсан бол одоо буурсан үзүүлэлттэй байна. Малчдын 65 хувь нь хашаа хороо хүрэлцээгүй, 34,3 хувь нь бэлчээр хүрэлцээгүй, 39,2 хувь нь худаг, ус хүрэлцээгүй, 15,3 хувь хадлангийн талбай хүрэлцээгүй гэж өөрсдөө тулгарч буй бэрхшээлээ тоочжээ.

Малаа өсгөхөд гадны хүчин зүйлс ихээхэн байдаг боловч дан ганц уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаар хүн амын хэрэгцээг хангана гэдгийг боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Малчдын хувьд ч, мэргэжилтнүүдийн хувьд ч малыг тодорхой бүс нутагт эрчимжсэн аргаар эрхлэх боломж байгаа үгүйсгээгүй байна. Ялангуяа төвийн болон томоохон хот орчмын бүсэд эрхлэх бүрэн боломжтой ажээ.

Г.Өлзийсайхан
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.09.28)

Бэлчээрийн мал аж ахуйн төлөв байдал

Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй нь цаашдаа ч удаан хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд манай нийт нутгийн 80 гаруй хувь нь малын бэлчээрт тохиромжтой. Монголын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэдэг хэвээр байна. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин 30 хувь, хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн эзлэх хувийн жин 80 гаруй хувь байна.

Монгол орны эдийн засгийн гол салбарын нэг болох бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн гамшигт өртөх магадлал өндөр байдаг онцлогтой. Мал сүрэг жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын байнгын нөлөөн дор бэлчээрийн маллагаатай байдаг тул цаг агаарын огцом өөрчлөлт, эрс тэс уур амьсгал нь мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх явдалд багагүй бэрхшээл учруулдаг. Энэ үед мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, байгаль-экологийн орчныг хамгаалахад шинжлэх ухаанчаар хандаж, малчдын залуу үеийг сурган дадлагажуулж, тэдэнд уламжлалт арга ажиллагааг эзэмшүүлэн мэргэшүүлэх нь чухал байна.

Түүнчлэн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг зах зээлийн эдийн засгийн харилцааны зүй тогтолын дагуу ажиллаж амьдрах арга ухаанд сургах нь онцгой ач холбогдол бүхий асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, малчин өрх хэрэглээний шинжийн үйлдвэрлэл эрхлэгчээс үйлдвэрлэгч, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийн нэгж болон төлөвших явц эрчимтэй явагдаж байна. Мөн өнөөгийн нөхцөлд хөгжингүй техник, технологи нэвтрүүлэх замаар мал аж ахуй үйлдвэрлэлийг зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Хагас нүүдлийн хэлбэрийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зах зээлийн эрэлт шаардлага ч бий болж байна.

Монголчууд зах зээлийн эдийн засагт шилжихдээ юуны өмнө дэлхийн мал аж ахуйн түүхий эдийн зах зээлд нэвтрэхээс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдөө дэлхийн зах зээлтэй харилцах, мөн Монголд худалдаа хийж байгаа гадаадын компаниудаар дамжин нэвтрэх хоёр арга замыг ашиглаж байна. Ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн түүхий эдийг аль болох дотооддоо боловсруулах чиглэл баримтлах нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой байгаа юм. Үүний тулд малчдад богино хугацаанд зах зээлийн таатай орчин бүрдүүлж чадах эдийн засгийн механизмуудыг ашиглахад анхаарч байна. Ялангуяа татвар, зээл зэрэг бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан дундаж амьжиргаатай малчдыг олшруулахад чиглэсэн үйл ажиллагаа чухал байна. Үүний тулд зээл олгох, онцгой тохиолдолд тэжээлийн туслалцаа үзүүлэх, малын даатгалд хамруулах, дахин малжихад туслах, мал эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгох зэргээр орлого багатай ядуу малчдыг төрөөс дэмжих ажлыг алхам алхмаар хийж эхлээд байна. Гэвч урт хугацаанд зах зээлийн орчин нөхцлийг сайжруулах өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр дээрх арга хэмжээг авах нь үр ашиг багатай юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хамтын хөдөлмөрөө хоршсон үйл ажиллагааг дэмжих, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд хамтран борлуулалт хийх тогтолцоог бүрдүүлэх явдал чухал байна. Ялангуяа 1998 онд Монгол Улсад “Хоршооны тухай хууль” батлагдсанаар малчид хоршоонд нэгдэх сонирхолтой болсон. Энэ хууль нь хөдөө аж ахуйн хоршоог хөгжүүлэх, хөдөөгийн нийгэм, эдийн засгийн харилцааг зах зээлийн нөхцөлд шилжүүлэхэд чухал алхам болсон.

Түүнчлэн ойрын жилүүдэд Монголын Засгийн газрын өмнө тулгарч байгаа шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг бол хөдөөгийн хүн амд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, мал аж ахуйн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих явдал юм. Нэгдлийг тарааж малыг малчдад өгч зах зээлийн гарааны харьцангуй ижил нөхцлийг олгосон хэдий ч хүмүүсийн өөрийнх нь хичээл зүтгэл, идэвхи санаачилга, ажил хэрэгч овсгоо харилцан адилгүй байна. Ялангуяа баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгаа нь төв болон орон нутгийн удирдлагаас оновчтой зохицуулалт хийхийг шаардаж байна.

Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг түргэсгэх томоохон боломж бол дутуу ашиглагдаж байгаа боловсон хүчний томоохон нөөц юм. Өнөөгийн малчид дотор машин, трактор, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл эзэмшиж сурсан, үржил селекцийн болон мал эмнэлгийн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн олон төрлийн мэргэжлийн хүмүүс олон байна.

Даяаршлын өнөөгийн шинэ зуунд дэлхийн улс орнуудын өмнө тогтвортой хөгжлийн замаар замнах зайлшгүй шаардлага тавигдаж байгаагийн дотор юуны өмнө байгаль орчноо хамгаалж, зүй зохистой ашиглах, хүн амыг эрүүл хүнс, усаар хангах асуудлыг тэргүүн зорилт болгоод байна. Энэхүү зорилтын хүрээнд бэлчэээрийн мал аж ахуйн байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн цэвэр бэлчээрт түшиглэн үйлдвэрлэл явуулдаг учир хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах эх үүсвэр болдог. Гэвч унаган төрхөөрөө үлдсэн байгаль, түүнд тохирсон үйлдвэрлэлийн арга хэлбэр дэлхийд төдийлөн элбэг биш болжээ.

Зохиогч Ц.Сүхбаатар нь “Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төв”-д судлаачаар ажилладаг.
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.18)

Монголын ирээдүйн мал аж ахуй

Сүүлийн жилүүдэд Монголын мал аж ахуйн үүрэг болон ирээдүйн төлөв байдлын талаар анхаарал татахуйц хэлэлцүүлэг олонтаа явагдсан бөгөөд үүний үр дүнд олон ургальч санал бодлууд гарсан билээ. Зарим хүн уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуйгаа хэвээр хадгалан эрхлэхийг дэмжиж байхад хөгжлийн асуудлаарх зөвлөгөө өгөгч мэргэжилтнүүд малчид зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд оршин тогтнохын тулд мал аж ахуйг бизнес хэмээн ойлгож үзэх хэрэгтэй гэж байлаа. Гэтэл бас зарим нь өргөн уудам нутгийг хамарсан нүүдлийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж, илүү эрчимжсэн хэлбэрт оруулах нь зүйтэй хэмээн ярьцгаадаг. Мөн Монголын нүүдлийн мал аж ахуй арваас арван таван жилийн дараа гэхэд устан үгүй болох ба хүмүүс мал аж ахуй эрхлэхээ больж суурин хэлбэрт шилжицгээнэ гэх хүмүүс ч таарч байлаа.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын мал аж ахуйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Энэхүү хувьсал, өөрчлөлт Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хөлөө олох гэж тэмцэж байгаатай уялдан цаашид улам бүр хурдсах нь ойлгомжтой. Ирээдүйд мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн талаар хийгдсэн саяхны өөрчлөлт, түүнтэй холбоотой шийдэгдээгүй олон асуудал болон тодорхойгүй байдлаас үл хамааран бэлчээрт суурилсан мал аж ахуй нь Монголын хувьд хамгийн тохиромжтой хувилбар байж болох юм.


Бид яагаад бэлчээрт суурилсан мал аж ахуйн талаар ийм итгэлтэй байна вэ? Нэгдүгээрт, Монгол орны газар нутгийн 80 хувь нь бэлчээр бөгөөд энэ нь мал өсгөж, үржүүлэхэд тохиромжтой экологийн олон төрөл зүйлийн тогтолцоо бүхий дэлхийд хамгийн томд тооцогдох хэмжээ юм. Бэлчээрийн талхлагдалт болон байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах явдал нь анхаарал татах болсон хэдий ч, хэрвээ зөв зохистой ашиглаж чадвал Монгол орны өргөн уудам бэлчээр нутаг нь бэлчээрт суурилсан мал аж ахуйн дахин сэргээгдэх арвин их нөөц, бааз болж болох юм.


Хоёрдугаарт, Монголчууд таван хошуу мал өсгөж ирсэн урт удаан хугацааны уламжлалтай билээ. Үүнтэй уялдан мал маллагаа болон бэлчээр, байгаль орчны талаар асар их мэдлэг, туршлагыг олон зууны туршид хуримтлуулсан билээ. Харин малчид, хөгжлийн байгууллагын мэргэжилтэн мөн бодлого боловсруулагчид тэр их мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны шинэ соргог ололт амжилтуудтай хослуулан ашиглаж мал аж ахуй болон бэлчээрийн менежментийн талаар илүү сайн шийдвэр гаргах боломжтой. Малчин Монголчуудын олон жилийн туршлагын үр дүнд орон нутгийн хүрээлэн буй орчны нөхцөл байдалд маш сайн зохицсон мал аж ахуйн олон стратеги, арга туршлагууд боловсруулагдсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоог хүртэл ашиглагдсаар байгаа билээ.

Гуравдугаарт, Монголчууд хот айл, нэг нутгийнхан, нэг жалгынхан гэх мэт уламжлалт зохион байгуулалтын хэлбэрүүдэд хуваагддаг бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь үр ашгаа өгдөг байна. Тэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үеийнх шигээ дахин хамтран ажиллах болсон ба өмнөхөөсөө ялгарах зүйл нь гэвэл малчдын идэвхи, чармайлт нэмэгдсэн байлаа. Ингэж уламжлалт зохион байгуулалтандаа орсноор малчид шинэ бас илүү эрч хүчтэй байгууллагыг бий болгож, улмаар бэлчээр нутгийн эзэмшил, хөдөлмөр, зээл, үйлдвэрлэлийн орц (мал эмнэлгийн эм тарилга, туулга, нэмэгдэл тэжээл, тоног төхөөрөмж, технологи, мэдээлэл), маркетинг зэрэгт анхаарал хандуулан ажиллахад нь үнэлж баршгүй бааз суурь болж өгдөг.

Дөрөвдүгээрт, Монголчууд нь өндөр боловсролтой, хөдөлмөрч бас шинэ санаа, дэвшилтэт технологийг хүлээн авч, дасан зохицохдоо сайн. Боломж бололцоо нь бүрдсэн тохиолдолд Монголчууд орон нутгаа хөгжүүлэх, бэлчээрийн менежмент болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн үзүүрээс шүүрэн авахад хэзээд бэлэн байдаг билээ. Тухайлбал, Монгол орон даяар, бэлчээрийг сайжруулахтай холбоотой оролцооны арга барилыг өргөнөөр ашиглах болсон бөгөөд энэ нь орон нутгийн малчдын санаачилгыг дэмжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, ашиг орлого өсч, хүн ам нэмэгдэж, Монгол болон түүнтэй хөрш зэргэлдээ орших улс, орнуудад хотжилт хүрээгээ тэлснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлт огцом өсөх болсон ба улмаар “Мал аж ахуйн хувьсгал” хэмээн нэрлэгдэж болох санаачилгийн үндэс суурийг тавьсан юм. Энэхүү хувьсгал нь мах, арьс шир, сүү гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтээс ашиг тус хүртэх боломжийг Монголчуудад олгож байгаа юм. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Ази тивийн махны хэрэглээ хамгийн хурдацтай өсч байгаа ба өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улсын махны хэрэглээ хоёр дахин өссөн байна. Хятад, Япон, Солонгос зэрэг улсууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох Монгол үхэр, хонины махыг эрүүл мэнд, ариун цэврийн хувьд баталгаажуулан зах зээлд гаргах боломжтой (АНУ- д үхрийн галзуу өвчин гарахаас өмнө энэ зах зээлийг бий болгоогүй нь үнэхээр харамсалтай!) юм. Бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсад ядуурлыг бууруулж, эдийн засгийг цэцэглүүлэх онц чухал хөшүүрэг болж болох бөгөөд ялангуяа, анхан шатны мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд нэмүү өртөг нэмж чадах юм бол энэ ажил бүр ч амжилттай болно. Мал аж ахуйн энэхүү хувьсгалын боломжит үр ашгийг хадгалан үлдэхийн тулд одоо байгаагаас илүү сайн зохион байгуулалт, технологи, бодлого шаардлагатай.

Монголын мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг боловсрол, аливаад дасан зохицох чадвар, мал өсгөн үржүүлэх асар их нөөц, нөөцийн менежментийн үр ашигтай байдлыг хянан, шалгах тогтолцоог бий болгож, улмаар амьдралд ашиглах хэрэгцээг болон Азийн цээжинд орших Монгол орны газар зүйн байршил зэргийг харгалзан үзэхэд Монгол Улсад экологи болон эдийн засгийн хувьд тохиромжтойгоор мал аж ахуйг эрхлэх бүрэн боломж байна. Ийм тогтолцоонд хүрэхийн тулд мал аж ахуйн амжилттай үйлдвэрлэлийн хамгийн чухал шалгуур үзүүлэлт болох малын тоо толгой, малаас гарах түүхий эдийн чанарын талаарх өнөөгийн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд хоёр гол зүйлийг бий болгож, ирээдүйд мал аж ахуйг дэмжих үүднээс ашиглах нь зүйтэй.

Мал аж ахуйг амжилттай эрхлэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйлийн нэг бол малын өдөр тутмын, улирлын мөн жилийн тэжээлийн зохистой хангамж юм. Тэжээллэгийг бэлчээрийн ургамал, нэмэгдэл тэжээл, өвснөөс авах эсэх нь онц чухал зүйл биш юм. Юу чухал вэ гэвэл, байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулах, малын ашиг шимийг хамгийн өндөр хэмжээнд хүргэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулахад шаардлагатай тэжээлийн нөөцтэй байх явдал юм. Малын тэжээллэгийг нэмэгдүүлснээс гарах ашиг тусыг улам өндөр болгохын тулд малын үүлдэр угсааг сайжруулах, Монгол орны нөхцөл байдал дасан зохицох чадвартай, өндөр ашиг шим бүхий малтай эрлийзжүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Дараагийн нэг чухал зүйл гэвэл зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх асуудал бөгөөд одоогийн байдлаар зах зээлийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц бүрэлдэн тогтоогүй байна. Хэдийгээр өнөөдөр Монгол Улсад дэд бүтэц ор тас байхгүй биш ч гэсэн хангалттай хэмжээний газар нутгийг хамарч чадаагүй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй байгаль орчны болон нийгэм эдийн засагтай холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулахад туслах хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа юм. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц нь хэрэгцээ, шаардлагатай буюу зах зээлийн эрэлтэд хариу үзүүлэх, ялангуяа, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангахын тулд малчдыг үйлдвэрлэлийн орцыг олж авах боломжоор хангах ёстой юм. Түүнчлэн, зах зээл нь мал аж ахуйн гаралтай их хэмжээний өндөр чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчныг урамшуулдаг байх нь зохистой. Мөн зах зээлийн эдийн засагт сайн чанарын бүтээгдэхүүнийг чанар муутайгаас нь ялгаж, салгадаг түүнчлэн чанар сайтай бараа, бүтээгдэхүүнд өндөр үнэ төлдөг тогтолцоо бүрэлдсэн байх ёстой. Хэрэв ямар нэг урамшуулал үгүй бол малчид маань юуны төлөө малын гаралтай түүхий эд болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрлэлийн орцыг нэмэгдүүлэх вэ? Бас мал аж ахуйн үйлдвэрлэлийн орцыг олж авах боломж болон маркетингийн хэрэгцээг хянаж байх дэмжигч дэд бүтэц байх шаардлагатай (Хүснэгтээс үзнэ үү).


Нэмэгдэл тэжээллэгийн үр ашигтай хэрэглээг харахын тулд тохиромжтой, хангалттай тэжээлтэй байх нь мал аж ахуйн шинэ үйлдвэрлэлд нэн чухал юм. Үйлдвэрлэлийн орцыг олж авах, үйлдвэрлэгчийн боломж болон өндөр чанар бүхий барааны өрсөлдөөнт зах зээлийг бий болгон хөгжүүлэх хэрэгтэйг анхааралдаа авах шаардлагатай. Хэрвээ мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол орны хөгжлийн явцад боломжийн бизнес гэдэг нь харагдвал энэ нь хувь хүний хичээл зүтгэл, удирдлагын арга барил болон хөдөлмөрч чанарын үр дүнтэй холбоотой нь ойлгомжтой бөгөөд эдгээрийг дэмжин урамшуулах хэрэгтэй юм.

Малын бэлчээр, зэрлэг ан амьтдын нутаг, эсвэл аялал жуулчлалын гэх мэт ямар ч зориулалтаар ашиглагддаг бай бэлчээр нутгийг хайрлан, хамгаалах нь Монгол орны урт хугацааны хөгжилтэй салшгүй холбоотой юм. Зэрлэг ан, гөрөөсний адилаар малд ч гэсэн цэнгэг ус, шимт ургамал шаардлагатай. Аялал жуулчлалд ч гэсэн ялгаагүй цэнгэг тунгалаг сайхан ус, цэвэр бас тэжээллэг өвс ургамалтай байж гадна дотныхны нүдийг хужирлах нь ойлгомжтой. Бэлчээр нутгийг Монголын уламжлалт мал аж ахуй болон түүний гол хүчин зүйлүүдтэй уялдуулан хамгаалах нь зах зээлийн эдийн засгийн үед нэн чухал юм.

Монголд бэлчээрт суурилсан мал аж ахуй оршин тогтнох болов уу? Бидний итгэж байгаагаар хариулт нь тийм. Гэхдээ ингэж зоригтой хэлэхийн өмнө зарим нэг зүйлийг хийх хэрэгтэй. Нэгд, экологийн хувьд тохиромжтой байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрт, малчид ажилдаа бизнес арга барилаар хандаж, зардлаа бууруулж, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ зах зээлийн шударга үнээр борлуулах хэрэгтэй. Гуравдугаарт, малчид олон төрлийн үйл ажиллагаа эрхэлж, мал аж ахуйгаа дэмжих шинэ бизнесийн үйл ажиллагааг эхлэх нь зүйтэй. Дөрөвт, Монголын ард түмэнд болон гадаадынханд Монголын бэлчээрийн менежмент сайжирснаар гарч болох үр дүн, тэдэнд ногдох давуу талын талаар мэдээлж байх шаардлагатай юм.

Зохиогчид: Даниел Миллер Хятад, Непал, Монгол зэрэг улсад бэлчээрийн мал аж ахуйгаар мэрэгшсэн, хөдөө аж ахуйн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Вашингтон хотноо АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт ажиллаж байна.

Деннис Шийхи Хойт Америк, Монгол, Хятад улсад бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн системээр мэрэгшсэн хөдөө аж ахуйн зөвлөхөөр ажиллаж байсан, Бэлчээрийн системийг боловсронгуй болгох олон улсын төвийн захирлын ажил эрхэлдэг.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2004.02.18)

Аав чинь нэгдэл байгуулах гээд байгаа юм уу хө

Хормой үрээс хөндий дүүрэн тариа ургахын адил Монголын эгэл дундчуудын амьжиргааг өөд татахад хоршоо их үүрэг гүйцэтгэнэ. Ийм итгэлийн үүднээс 1998 оноос хойш хоршооны тухай “Тэнгэрийн бошго-хоршооллын дуу хоолой” нэвтрүүлгийг Монголын радиод хийж өдгөө 300 дугаарт хүрэх шахаж явна. Манай нэвтрүүлэг эдийн засгийн радио нийтлэл зохиомжоор эхэлж, хүмүүст хоршооны анхан шатны мэдлэг олгоход чиглэж, улмаар “Хоршоогоор сонин юутай байгааг” сурвалжилж эхэлсэн билээ. Цаашдаа хоршооны 150 жилийн түүхтэй олон улсын уламжлалт мэдлэгт тулгуурласан шинэ маягийн Монгол хоршооны номлолыг бий болгохыг зорьж буй юм. Бидний яриа элс рүү асгасан ус шиг дэмий хоосон болсонгүй.Төр, засаг 2003 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил гэж зарлалаа. Монголын хоршоологчдын хэлж ярьж байгааг сонсч байхад хоршоонд зөвхөн дундчууд элсч төрхөмсөж байна. Гэтэл төр, засаг маань ядуурлыг бууруулахад хоршоо хэрэгтэй гэдэг. Нийлүүлэх хувь хөрөнгөгүй хүнийг хоршооны хэмжигдэхүүнээр авч үзвэл ядуу хүн гэнэ. Тийм хүнд хоршоо бол зүгээр л сонсох төдий нэр юм.

Хоршооны тухай олон улсын мэдлэгийн дээж нь 1995 онд Манчестр хотноо хуралдсан Алянсын их хурлаас тунхагласан хоршооллын үндсэн долоон зарчим билээ. Шинэ маягийн Монгол хоршоо эдгээр зарчмыг нутагшуулан авч хэрэглэж байна. Тэдгээрийг бидэнд хэн ч тулгаагүй, Монголын хоршооллын хөдөлгөөн өөрөө аяндаа хүлээн авсан юм. Одоо Монголд хоршоо нэртэй аж ахуйн нэгж дөрвөн оронтой тоогоор яригдаж байна. Гэвч тэдгээр нь бүгд жинхэнэ хоршоо биш, зарим нь эзний байгууллага юм. Жинхэнэ хоршоо бол гишүүд нь толгой мэдэж дээд эрхийг барьдаг. Хоршооны хөгжлийг дэмжих жилийн бүхий л арга хэмжээнээс нэгтгэн бодоод үзэхэд дараахь бодлоо би тулгахгүй юм гэхэд дуулгахгүй сууж тэвчихгүй нь.

Юуны өмнө хоршоо тухайн хүнд амьдралын шинэ хэв загварыг өгдөг. 1990-ээд оны эхээр Монголд ардчиллын үйл явц өрнөж түүний хүрээнд нэгдэл тарсан билээ. Энэ нь угтаа амьдралын цоо шинэ хэв загварыг сонгох боломж олгосон. Гэтэл малаа үнэ төлбөргүй хувьчилж авсны дараа малчид шинэ хандлагатай болж чадаагүй, шуудхан хэлэхэд шинээр дахин төрөөгүй, хуучин янзаар урагшлах гэж зүтгэсэн юм. Хар амиа аргацааж, хувиа хичээх нь улам л ихэсчээ. Хүмүүс ганц ганцаараа тарж бие биеэсээ улам бүр холджээ. “Ганц мод гал болдоггүй” гэж монголчууд ярьдаг. Гэсэн хэрнээ тэрийгээ мартжээ. Ган, зуд даамжирч, гамшгийн хэмжээнд нүүрлэхэд дор дороо аргаа барж хүчгүйдлээ. Энэ байдлыг хараад зарим хүн “Хохь чинь дээ, нэгдлийг яах гэж тараасан бэ” гэж хонзонтой маягаар хэлж байна.

Хүнс хөдөө аж ахуйн сайд, ноён С.Насанжаргал хоршооны хөгжлийг дэмжих жилийн бүсчилсэн зөвлөгөөний бүх арга хэмжээн дээр илтгэл тавьсан юм. Нэг удаа Ховд аймагт болсон бүсийн зөвлөгөөнд оролцоод буцах гэж онгоц хүлээцгээж байх зуур тэрбээр бидэнд сонин болгож:

-Манай хүүгээс найз нь аав чинь хоршоо моршоо гэж энэ жилийн турш яриад байх юм, нэгдэл байгуулах гэж байгаа юм уу хө…гэж асуусан байна лээ хэмээн ярьсан юм.

Энэ бол нэр нь энд дурдагдаагүй тэр нэгэн залуугийн ч биш, ерөөс нийгмийн нэгэн хэсгийн зүгээс андуурч эндүүрч тавиад байгаа асуулт юм. Нэгдлийг тараасан нь цагаа олсон зөв шийдэл байсан. Одоо харин малчдад нэг нэгнээ дэмжиж, байнгын тийм харилцаанд орж амьдрах шинэ дүрэм хэрэгтэй болжээ. Тэр ч байтугай бизнес төлөвлөгөөтэй аж ахуйн нэгжийг танд санал болгоё. Энэ нь хоршоо.

Та ямар нэг хор шар, ов мэхийг таягдан хаяж, атаархлыг бүр мартаж, тэрүүхэндээ, өөр дотроо шинээр төрөх нь дээр гэж би эрхэм нөхөр танаа аминчлан зөвлөх байна. Элдвийн муу сэтгэгдлийг хадгалах хэрэггүй. Хог новшоо цэвэрлээд хээр аваачиж хаядаг шиг тэдгээрээс салах ёстой. Хар амиа бодохын шаварт суучихаад байгаа бол хүчтэй шиг юмаар татуулж гарах нь зөв. Тэр шавраас хоршоо л таныг татаж гаргах нь оносон шийдэл бол уу. Гэхдээ хоршоог танд тулгаагүй санал болгож байгаа. Дээрээс зохион байгуулж, албадлагаар шийдвэр гаргадаг байсан үеийнхээс тэс өөр амьдралын хэв загварыг хоршоо таны өмнө тавьж байна. Хоршоонд гишүүн болж, хүн өөрөө түүн рүү очиж байгаа гэдэгт гол агуулга нь оршино. Энэ бол буцаж онгойдог хаалга бөгөөд дуртай цагтаа хоршооноос гарч болно.

Хоршоо эцсийн дүндээ хүнд амьдралын ямар шинэ хэв загварыг өгөх вэ гэвэл, хүмүүс бие биедээ ойртох, тэднийг өөр хоорондоос нь холдуулж байсан аминчхан, явцуу үзлийн гүн ангалыг үгүй болгоно. Эдгээр нь тэгэхдээ хоршооны гишүүн болсны маргааш л шийдвэрлэгдчих зүйл биш ээ. Тийм болохоор хоёрдугаарт, шинэ жолоодлого хэрэгтэй. Энэ нь олон улсын хоршооллын үндсэн зарчмын хэлээр бол “Гишүүдийн ардчилсан хяналт” билээ. Гишүүд бие биедээ итгэж хоршоо байгуулсан болохоор тэрхүү аж ахуйн нэгжээ өөрсдийнхөө хяналт, сахилгажуулалтын дор ажиллуулах учиртай. Хоршоо зөв шударгаар явахад жолоо цулбуургүй дураараа байдал хамгийн их хортой билээ. “Хайртай морио хазаартай нь усал” гэж Монгол хүн ярьдаг. Хоршоо хэрэгцээтэй, хүмүүс бие биеэ дэмжих чин сэтгэлтэй байгаа тусмаа нэг нь нөгөөгөө сахилгажуулах нь чухал. Бүх гишүүний хурал бүхнийг шийдвэрлэдэг, гишүүд дотроо ямар нэг ялгаварлалгүй, нэг нэгэндээ захирагддаг, хэн нэг нь дандаа хоршоо даргаар ажиллаж, хэтрүүлэн эзэгнэж ноёлдоггүй, хяналттай ажиллах нь шинэ маягийн хоршоо мөн эсэхийг илтгэдэг. Сонгох, сонгогдох нь ардчилсан хяналт мөн. Хөгжсөн зарим орон, тухайлбал ХБНГУ-д хоршоо дампуурдаггүй гэдэг. Хоршоо бол хүмүүс даруу төвшин амьдрах сургууль. Энэ нь хяналт сахилгажуулалтын өгөөж юм. Ой дотор элдэв зүйл хийхэд тохирсон модод байдаг. Түүн шиг хоршооны гишүүн байхад тохирох хүн гэж бий. Эзэмшсэн өмч, эзэмшсэн ёс суртахуун нь түүнийг тодорхойлно. Хоршооны гишүүн хүн хоршооны тухай хуулийг зөрчих нь цаанаа ёс суртахууны хохиролтой билээ. Жишээлбэл, хоршооны гишүүн та хяналтын зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхгүй байгаа бол, бүх гишүүний хуралд ирж саналаа өгөхгүй байгаа бол өөрийгөө өрөөл бусдад зориулж чаддаггүй, хүн хүндэтгэдэггүй, уриалгахан бус нэгэн юм байна.

Дараахь нэг зүйл нь хоршооны гишүүн таныг бусдаас илт ялгаатай болгож байна. Юу гэвэл, зарим нь хөрөнгөө дангаар нь тусгаарлан компани ажиллуулж, зарим нь яахаа мэдэхгүй амиа аргацааж байхад та өмчөөсөө хувь хөрөнгө тасдаж хоршоонд нийлүүлсэн билээ. Олон улсын хоршооллын үндсэн зарчмын гуравдугаарт үүнийг авч үзжээ. Ямар ч хуульд таны нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээг заагаагүй явдал анхаарал татах ёстой. Сонсвол, нэг гишүүнээс хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ хоршооны нийт хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байхыг олон улсын хэмжээнд зөвлөдөг гэлцэнэ. Харин үүн дээр нэг зүйлийг нэмж яримаар байна. Хоршоо нь таны өрх гэрийн аж ахуй буюу монголын малчдын 86 хувийг эзэлдэг 200 орчим толгой малтай айлыг дэмжиж хэрэгтэй цагт үүрч, чирч, миний зүйрлэлээр бол шаварт суусан машиныг татаж гаргах трактор байгууштай. Ачаатай машин шаварт суучихаад байхад ганц үхэр хөтөлж ирээд хэчнээн зүтгүүлэн татуулавч нэмэр болох уу?! Шаварт суусан машинаа татаж гаргах трактор худалдаж авах мөнгө хүрэхгүй, оронд нь ганц муу үхэр худалдаж авсан бол зорилго биелэхгүй нь тодорхой. Ийм учраас та хэтэрхий бага хувь хөрөнгө нийлүүлж, хоршооны гишүүнээр элсэх аваас ач холбогдол алга байна. Ямар хэмжээний хувь хөрөнгө нийлүүлбэл зохихыг амьдрал хэлж өгнө. Өөрийн хувийн үзэмжээр асуудлыг шийдэх бус, амьдралын хэлэхийг сонсч байж хувь хөрөнгөө нийлүүлэхийг чухалчлан хүсье.

Эцэст нь хэлэхэд, хоршоо бие даасан байдалтай, өөрөө өөрийгөө тэтгэх байгууллага гэж олон улс тунхаглажээ. Хоршоо бол нэг талаас хууль зүйн бүртгэлтэй, нэртэй, тамгатай, ер нь нүдэнд үзэгддэг аж ахуйн нэгж, нөгөө талаас бие биедээ итгэсэн хүмүүсийн өөрөө өөрсдийгөө тэтгэх санаа зорилготой, нүдэнд үл үзэгдэх холбоо сүлбээ юм. Тийм үл үзэгдэх чанар нь байхгүй бол хоршоо оршин тогтнож чаддаггүй юм билээ. Доголон хүнд таяг тус болохын адилаар гишүүдээ дэмжихдээ хоршоо бие даасан байдлаа хадгалах ёстой. Хүнийг зожгирч хохирохоос хамгаалагч хоршоо өөрөө бусад хоршооноос зожигрон тасарч болохгүй. Үүнийг хоршоо хоорондын хамтын ажиллагааны зарчмаар тунхагласан нь Монголд нэн чухал юм.

Монголын үндэсний радиогийн “Тэнгэрийн бошго-хоршооллын дуу хоолой” нэвтрүүлгээр түгдэг хоршооны ойлголт мэдлэг нь энгийн бөгөөд ойлгомжтой байдаг. Мэдлэг амьдралд ойрхон тусмаа тийм байдаг бололтой. Ер нь эгэл амьдралаас хол мэдлэг бол хүн худалдаж авдаггүй бараатай ижил юм. Шинэ маягийн хоршоог Монголын нийгмийн амьдрал янз янзаар хүлээн авсаар байгаа нь энэ “бараа” эрэлт хэрэгцээтэй болохыг нотлон харуулж байна. Гэхдээ хоршоо бол тайлбарлуулж байж борлогддог бүтээгдэхүүн юм.
Т.Бямбадорж (Монголын үндэсний радиогийн эдийн засгийн тоймч)
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2003.09.24)

Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн товч түүх

а. 1959 оныг хvртэл
Бvр хvрэл зэвсгийн vед Монгол орны нутаг дэвсгэр дээр тариалан эрхэлж байсныг баруун Монгол, тєв Халхын нутагт элбэг тохилддог хадны сvг зургууд дээрхи, морь vхэрт анжис хєллєєд газар хагалж яваа, тариа нvдэж байгаа хvний дvрсvvд харуулдаг. Хvннv гvрний vе буюу 2200 жилийн тэртээд хамаарагдах булшнаас археологичдын олсон арвай, бог будааны vр, уур нvдvvр зэрэг нь тухайн vед эдийн засгийн гол салбар болсон нvvдлийн мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлж байсныг нотолж байна. Хvннvчvvд ихэд хvчирхэгжиж, гадаад харилцаагаа идэвхтэй єргєжvvлсний vр дvнд тариалангийн эртний соёлтой хятадуудаас зєвхєн газар тариалангийн бvтээгдэхvvн аваад зогсохгvй, тариалан эрхлэх арга барилаас нь улс орондоо нэвтрvvлж байжээ.

Монголчууд газар тариалан эрхэлж байсан тухай анхны бичиг баримт бол 1212 онд гарсан Чингис хааны зарлиг юм. Уг зарлигт Алтайн Абухан уулын ард (Завхан голын хєндий) цэргийн хvнсний зориулалтаар тарианы аж ахуй байгуулах тухай дурьдаж, энэ ажлыг шадар тvшмэл Чинхай Чинсанд хариуцуулжээ. Энэ vед голчлон арвай, бог будаа тарьж байсан байна. Гэвч Хубилай хааны vед монголчууд ємнєд Хятадыг эзэлснээр тариа будаагаа тэндээс саадгvй зєєх болж, єєрийн нутагтаа тариалан эрхлэх нь багассаар 1337 онд Тогоонтємєр хааны зарлиг гарч, Монгол нутаг зєвхєн малын бэлчээрт зориулагдах болжээ.
1420 онд Монгол ар, євєр болон зvvн гар гэсэн гурван хэсэгт хуваагдаж, єєр єєрсдийн нутаг орондоо тариа ногооны vйл эрхлэх оролдлогууд гарч эхлэв. 1580-аад оны орчим буюу Авдай хааны vед Монгол, Хятад иргэд холилдон нутаглаж байсан Хэрлэн голын орчмоор олс, буудай тарьж байжээ. 1680-аад оны vед Ойрадад Галдан Бошгот хаан Ховд, Орхоны орчмоор усалгаатай тариалан хєгжvvлж байх vест Халхад Занабазар хутагт тусгай тариачдыг бэлтгэн Бороо гол, Борнуур, Ийвэн, Бургалтай зэрэг газар нутаглуулан сvм хийдийн хэрэгцээнд тариа тариулж эхэлжээ. 1700-аад оны эхээр Манжийн цэрэг Монголд ихээр орж ирснээр тэдгээрийн хэрэгцээнд тариа будаа тарих ажил эрчимтэй єрнєжээ. 1709 онд Тvшээт Хан аймагт батлагдсан "Халх журам" хуулинд тариалангийн талбайд мал орж сvйтгэхийг хориглож, хvн амд газар тариалан заавал эрхлэхийг даатгажээ. Энэ дагуу Орхон Туулын сав газраар тариалан єсч байхад 1730-аад оны vед Манжийн хаан монголчуудыг оросуудтай ойртохоос болгоомжилж баруун ба хойд хилийн дагуу цэргvvд суулган, цэргийн тариаланг хєгжvvлж эхэлсэн нь Монголын газар тариалангийн хєгжилд зохих хувь нэмэр оруулсан байна. Хятад иргэд Монгол суурьшиж газар тариалан эрхэлснээр монголчуудын урьд нь голчлон тариалдаг байсан бог будаа, арвайн хажуугаар буудайн тариалан нэмэгдэж, монголчууд буудайг тээрэмдэж, гурилан бvтээгдэхvvн хийх нь нэмэгджээ. 1850-иал оны vед Буйр нуур орчмоор нутаглаж байсан Тогтохтєр ван (То ван) єєрийн хошуунд амуу тариа тарих болж, хошууныхаа дотоод хэрэгцээг хангаад зогсохгvй, зэргэлдээ хошууддаа худалддаг байв. Энэ vед Халх голд усан тээрэм ажиллаж байсан тухай аман яриа байсныг монголч эрдэмтэн Казакевич тэмдэглэсэн байдаг. Ийнхvv 1800-аад оны сvvл, 20-р зууны эхэнд Монголд Ховд, Байдраг, Тэс, Улиастай, Хараа, Ерєє, Буйр нуурын орчимд нийт 60-70000 га газарт тариалан эрхэлж байжээ.
1911 онд автономит Монгол улсыг байгуулсан цагаас эхлэн засгийн газраас тариаланг хєгжvvлэх талаар, тариаланд ашиглах боломжтой газрыг аймаг, хошуу бvрт бvртгэх, хуучин тариа тарьж байсан хvмvvс, пvvсvvдийг бvртгэх, Орос улсаас vр, техник худалдаж авах гэх мэтчилэн олон арга хэмжээ авч, 16 гол мєрний хєндийд нийт 512400 га тариаланд тохиромжтой газар байгааг тогтоон, Тvшээт хан аймгийн Хараа, Засагт хан аймгийн Буянт зэрэг газар "сангийн тариа" нэртэй улсын аж ахуйнуудыг байгуулж, аймгуудын халхын ноёд тvшмэдvvд тариаланг хєгжvvлэх зарлиг хvргvvлсэн боловч тэд нь vvнийг хайхралгvй хятад тариачдыг нутгаасаа хєєн гаргаж, тариалангийн талбайг багасган, vvнийгээ малын бэлчээрийг хамгаалах нэрээр хаацайлж байснаар уг санаачилга хэрэгжихээсээ єнгєрч, улмаар Богдын засгийн газар 1919 онд аргагvйн эрхэнд дээрхи шийдвэрээ хvчингvй болгожээ. 1921 онд ардын хувьсгал ялахад тариалангийн нийт талбай ердєє 20000 га болж буурсан байлаа.
1922 онд Ховдын Буянт, Сэлэнгийн Хараа голын хєндийд «Сангийн тариалан» гэх улсын тариалангийн аж ахуйг сэргээн байгуулж, 1923 онд гадаадын иргэдэд зориулсан «Тариалангийн дvрэм», 1924 онд «Монголчуудын тариалангийн дvрэм»-ийг тус тус баталж тариалан эрхлэх эрх зvйн vндсийг бvрдvvлсэн байна. Энэ vеэс 1950-иад оны эцэс хvртэл Монгол орон єєрийн хvчин чадалдаа болон ЗХУ-ын тусламжид тулгуурлан 10 гаруй томоохон сангийн аж ахуй, 8 гурилын vйлдвэртэй болжээ. Тариалангийн талбайн хэмжээ 1958 оны байдлаар 107,4 мян.га-д хvрснээс гадна гадаад дотоодод дээд, дунд мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэж эхэлжээ.

б. 1959-1989 оны хооронд
1959 онд МАХН-ын Тєв Хорооны III-р бvгд хурлаас атар газар эзэмшиж, гурил будааныхаа хэрэгцээг єєрсдєє хангах шийдвэр гарснаар Монгол оронд газар тариалан эдийн засгийн бие даасан салбар болон хєгжих vндэс суурь тавигдав. 1959-1962 онд 350 мянган га атар газар эзэмшиж, 1962 онд тариалах талбайг 441 мянган га-д хvргэсэн нь 1958 оныхоос 4,1 дахин ихсэж, хураан авсан нийт ургац нь 4,2 дахин нэмэгджээ. 1959-61 онд Сэлэнгэ аймагт Дархан, Зэлтэр, Хєвсгєлд Эг-Vvр, Дорнодод Хэрлэн, Тєв аймагт Баянцогт, Угтаал, Сvхбаатар аймагт Тvмэнцогтын атрын аж ахуй байгуулагдаж, Жаргалант, Ингэттолгой, Цагаантолгой, Ерєє, Зvvнхараа, Зvvнбvрэнгийн аж ахуйнуудын талбайг єргєтгєж, хvчийг зузаатгах ажил нэгэн зэрэг хийгджээ. 1961-65 онд 625 мянган га атар газар эзэмшиж, атрын 10 сангийн аж ахуй шинээр байгуулж, 1966 он гэхэд нэг хvнд оногдох хагалсан талбай 0,6 га, улаан буудай 300 кг болов. Энэ vед Монголын газар тариаланд 5000 орчим трактор, 1190 комбайн, 1400 гаруй автомашин, 550 цахилгаан станц ажиллаж байлаа. 1960-1970 аад онд тарианы vрийн аж ахуйг сайжруулах, улсын vрийн фонд байгуулах, томоохон аж ахуйнуудад механикжсан vтрэм барьж байгуулах ажил vндсэндээ дуусч, 100 мянган тонн vр цэвэрлэх хvчин чадалтай механикжсан vтрэм, 45 мянган тоннын багтаамжтай улсын vрийн аюулаас хамгаалах нєєцийн 14 агуулах ажиллаж эхэлжээ.
1976 онд хуралдсан МАХН-ын Тєв Хорооны XI-р бvгд хурлаар атар эзэмших хєдєлгєєний vр дvнг хэлэлцэн, нийгэм-эдийн засгийн ач холбогдлыг нь дvгнээд, дахин атар газар эзэмшиж, тариалангийн vйлдвэрлэлийг улам нэмэгдvvлэхээр атрын 2 дахь аяныг эхлvvлжээ. Аяны тєгсгєл буюу 1980-аад оны эхээр манай улс 1,3 сая га эргэлтийн талбайд тариалан эрхэлж, 700 мянган га-д тариалалт хийж, 640-800 мянган тн vр тариа хураадаг болжээ. Борнуур, Батсvмбэр, Зvvнхараа зэрэг тємс, ногооны томоохон аж ахуйнууд байгуулагдаж, том хот, суурингийн дэргэд 20 гаруй га талбай бvхий євєл, зуны хvлэмж ажиллуулан хот суурингийн хvн амын хэрэгцээнд нийлvvлдэг болов. Улаанбаатарын хvн амыг євлийн улиралд ногоогоор хангах зориулалттай ногоо хадгалах зоориуд, Зvvнхараа, Жаргалант, Борнуур, Октябрь САА-д vрийн тємс хадгалах зориулалттай автомат удирдлага бvхий 3000-5000 тонны зоориуд ажиллаж байлаа. 1989 оны байдлаар Монгол орны тариалангийн эргэлтийн талбай 1,3 сая га, тарих талбай 837,3 мян.га-д хvрч, vр тариа 840 мянган тн, тємс 155,3 мян. тн., хvнсний ногоо 59,5 мян. тн., 1027300 тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх таримал тэжээл ба хадлан бэлтгэж байжээ. Энэ vед Монголын ХАА-н салбарт 200 гаруй нэрийн 70 гаруй мянган техник ашиглагдаж, 3200-гаад тоног тєхєєрємжтэй засвар vйлчилгээний 115 газрууд vйл ажиллагаа явуулж байлаа.

Ашигласан хэвлэл:

С. Ганбаатар, 1999. "Тариалангийн vйл: єчигдєр, єнєєдєр...", Улаанбаатар.
Х. Зундуйжанцан, 1991. "Монголын тариалангийн тvvхэнд холбогдох хэрэглэгдэхvvн", Дархан.

Хөдөөгийн хөгжил форум

Фермерийн эрдэм нийгэмлэг, Залуу фермерүүдийн холбоо, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хамтран санаачилсан "Хөдөөгийн хөгжил" форум нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд хөдөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудаар хоорондоо чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцож байх, цаашилбал шүүмж, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргэх гэх мэт тодорхой ажлуудыг хамтран санаачилж, хэрэгжүүлэх боломжийг олгодог.

2007 оны 10 сараас эхлэн уг форумыг "Хөдөө аж ахуйн мэргэжилтний клуб" хариуцан явуулах болно. Уулзалтууд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гаригт Хүнс, хөдөө аж ахуйн яам буюу Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль дээр 19-21 цагийн хооронд явагдана. Форумын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу оролцохыг хүсвэл rdmongolia@gmx.net хаягаар имэйл бичих буюу 9973-4211 (Даваасүрэн) утас руу залгана уу.

Жич: 2006 оны 10-р сарын уулзалтад оролцогчдын Баянчандманид авахуулсан зураг, мөн зарим уулзалтуудын тайланг доор нийтлэв.

Уулзалт 2: Фермерийн аж ахуйн хувийн экстэншин хөгжих боломжтой юу?

2006 оны 4-р сарын 26, Хүнс, Хөдөө аж ахуйн яам

Энэ удаа "Фермерийн аж ахуйн хувийн экстэншин хөгжих боломжтой юу?" сэдвээр Фермерийн эрдэм нийгэмлэгийн тэргүүн, докторант Б.Эрдэнэболор илтгэл тавилаа. Уулзалтанд Фермерийн эрдэм нийгэмлэг, Залуу фермерүүдийн холбооны гишүүд, ХХААЯ-ны мэргэжилтнүүдээс гадна ХААИС, Монгол фермер дээд сургуулийн багш, оюутнууд, мөн түүнчлэн Хөдөө аж ахуйн зуучлал, бизнес мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг Хаан зууч компанийн мэргэжилтэн оролцлоо. Оролцогчдын дунд экстэншиний чиглэлээр мэргэшсэн зарим нэг хүмүүс, тухайлбал ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуульд экстэншиний хичээл заадаг Ж.Ганчимэг багш, мөн ХХААЯ-ны Экстэншиний төвийн мэргэжилтэн Цогтсаран нар байлцсан нь хэлэлцүүлэг эрчтэй, ажил хэрэгчээр өрнөх нэг шалтгаан болсныг энд зориуд тэмдэглэе.

Б.Эрдэнэболор илтгэлдээ хөдөө аж ахуйн экстэншиний үйлчилгээний концепци, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг танилцуулаад, өнөөгийн нөхцөлд экстэншинийг бизнесийн үйлчилгээний сонгомол хувилбараар нь Монголд нэвтрүүлэх боломжууд, тулгарч буй бэрхшээлүүд, эдгээр бэрхшээлийг даван туулж, хувийн экстэншинийг ашиг орлого сайтай, хөдөөгийн хөгжил, улс орны маань хүнсний хангамжид хувь нэмэр оруулах хэмжээний бизнесийн салбар болгон хөгжүүлэх талаар өөрийн байр суурийг, докторынхоо ажлын судалгаа, Фермерийн эрдэм нийгэмлэгийн үйл ажиллагаанд тулгуурлан ярив. Илтгэлийн гол үзэл санаа нь экстэншиний бизнесийг шатлалтайгаар хөгжүүлэх тухай асуудал байв. Тухайлбал эхний үе шатанд агро-бизнесийн тодорхой нэг салбарыг түшиглэсэн дайвар хэлбэрээр зохион байгуулж, орлого олох өндөр магадлалтай ажлуудаа гүйцэтгэх, яваандаа алхам алхмаар үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, улмаар бие даасан хэлбэрт орох концепцийг санал болгосон юм.

Хэлэлцүүлэг үндсэндээ дараахь сэдвүүд дээр голчлон явагдлаа. Үүнд:

1. Экстэншиний үйлчилгээ төрөөс хараат, төсвөөс санхүүждэг байдлаар хөгжих ирээдүй нь бүрхэг гэдэг дээр бүх оролцогчид санал нийллээ. Цаашилбал зах зээлийн нөхцөлд фермерүүдийг оюунлаг хэлбэрээр дэмжиж, тэдний мэдлэг боловсролтой, бие дааж аж ахуйгаа авч явах чадвартай болгох, цаг үеийн мэдээллээр байнга хангаж байх, ингэснээрээ тэдний ашиг орлогыг нь нэмэгдүүлэх үүрэг, потенциаль бүхий экстэншиний үйлчилгээ нь хоёр талд харилцан ашигтай бизнес хэлбэрээр хөгжих нь хамгийн тохиромжтой гэсэн байр суурийг оролцогчид бүгд дэмжиж байсан нь хөдөө аж ахуйн салбарын сэхээтнүүд, оюутнуудын нийтлэг үзэл бодлыг илэрхийлж чадсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл фермерийн аж ахуйн хувийн экстэншин нэвтрүүлэх шаардлага бодитоор тавигдаад буй нь тодорхой юм байна.

2. Хувийн экстэншинийг нэвтрүүлэхэд тулгарч буй үндсэн бэрхшээл бол одоогоор манай фермерүүдэд мэдлэгийг үнэлэх сэтгэлгээ төлөвшөөгүй учраас төлбөрт үйлчилгээнд хамрагдахаас зайлсхийх хандлагатай байгаа явдал гэдгийг бас нийт оролцогчид хүлээн зөвшөөрсөн.

3. Дээрхи сэтгэлгээг өөгшүүлж буй нэг хүчин зүйл бол хөгжлийн хамтын ажиллагаа юм гэдгийг зарим оролцогчид онцлон тэмдэглэж байв. Хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс фермерүүдэд үнэгүй сургалтууд явуулж, гарын авлага үнэгүй тарааж, үр бордоо, хүрз зээтүүнээс эхлээд үнээ мал хүртэл, бүр түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийг хүртэл үнэгүй бэлэглэж байгаа нь нэгд тэдний бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, хоёрт мэдлэгийг үнэгүйдүүлж байна. Экстэншиний бизнесийг шударгаар хийх эрмэлзэлтэй хүмүүс олон сая долларын санхүүжилт бүхий энэхүү төсөл, хөтөлбөрүүдийн эсрэг хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орох болж байна.

4. Гэхдээ нөгөө талаар хэрэв үнэхээр чанартай үйлчилгээ явуулж чадвал төлбөрөө төлөөд ч гэсэн хамрагдах сонирхолтой хүмүүс олширч буй тухай олон оролцогчид мэдээлж байсан нь хувийн экстэншин хөгжих найдвар бий гэдгийг нотолсон юм. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд гар аргаар төмс тариалах 3000 төгрөгний төлбөртэй сургалтад олноор хамрагдаж байгаа, орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүд дунд ба томоохон хэмжээний фермерийн аж ахуйн төсөл хийх, зөвлөгөө өгөх төлбөртэй үйлчилгээнд хамрагдаж байгаа зэрэг жишээнүүд дурьдагдлаа.

5. Экстэншиний бизнес нэгэнт фермерүүдийн мэдлэг чадварыг дэмжихэд чиглэх учраас энэ бизнесийг эрхлэх хүмүүс өөрсдөө маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг мөн олон оролцогчид хэлж байв. Үүнтэй холбоотойгоор ХААИС-ийг төгсөгчдийн мэдлэг практикт гологдож буй тухай шүүмж ч сонсогдож байлаа. Иймээс экстэншиний бизнес амжилттай хөгжихийн нэг үндэс нь хөдөө аж ахуйн боловсролын системийн шинэчлэл, тухайлбал ХААИС-ийн оюутнуудыг заавал фермерийн аж ахуйд дадлага хийлгэдэг болгох нь зайлшгүй шаардлагатай гэж дүгнэлээ. Нөгөө талаар экстэншиний байгууллагын зүгээс фермерүүдийг сертификаттай сургалтанд хамруулах асуудал ч бас хөндөгдлөө.

6. Хувийн экстэншинийг нэвтрүүлэх эхний алхам нь ямар үйл ажиллагаа байж болох вэ гэсэн асуулт дээр оролцогчид янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Эдгээрээс фермерүүдэд болон хүнс үйлдвэрлэгчдэд хэрэгцээтэй мэдээлэл бүхий сонин буюу сэтгүүл гаргах саналыг хамгийн олон хүн дэмжлээ.

7. Экстэншиний үйлчилгээний амжилт нь үйлчилгээний болон байгууллагынхаа имижээс ихээхэн хамааралтай учраас имижээ бүрдүүлэх, өсгөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай гэж дүгнэв. Үүнд цаг хугацаа шаардлагатай бөгөөд тодорхой арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлэх, сурталчилгаагаа тогтмол хийж байх нь зохистой юм. Эдгээр арга хэмжээнүүдээс салбартаа нэр хүндтэй, олны танил хүмүүсийг үйлчилгээндээ хамруулж, тэднийг сургалт, семинартаа тогтмол оролцуулах асуудлыг онцлон авч үзэх шаардлагатай.

8. Хувийн экстэншинийг шатлалтайгаар хэрэгжүүлэх, тухайлбал эхлээд аль нэг амжилттай бизнесийг түшиглэх тухай оролцогчид мэтгэлцсэн боловч чухам ямар бизнестэй хэрхэн холбох тухай тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Учир нь үүний тулд маш олон асуултыг хариулах шаардлагатай юм. Тухайлбал ийм бизнес нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх уу, эсвэл үйлдвэрлэлийн хэрэгсэл үйлдвэрлэдэг, эсвэл импортлодог байх уу, мөн одоо ажиллаж байгаа компанийг түшиглэх үү эсвэл шинээр компани байгуулах уу гэх мэт.

Энэ удаагийн уулзалт оролцогчдынхоо бүтцийн онцлог, сэдвийн шинэлэг байдал зэргээс хамаарч онол, концепцийн холбогдолтой асуудлууд дээр нилээд хугацаа зарцуулсан юм. Гэхдээ экстэншиний бизнесийг нэвтрүүлэх боломж байна уу гэсэн гол асуултаа ТИЙМ гэж нэгэн дуугаар хариулж чадсан нь чамлахааргүй үр дүн билээ. Оролцогчид маань энэ сэдэвт өөриймсөг хандаж, бүгд би, бид, миний, бидний гэсэн байр сууринаас хандаж байсныг тэмдэглэхгүй байхын аргагүй. Нэгэнт болж бүтнэ, би ч үүнд гар бие оролцоё гэсэн уур амьсгал бүрдсэн учир экстэншиний бизнесийг нэвтрүүлэх тодорхой алхмууд удахгүй хийгдэх нь гарцаагүй.

Уулзалт 1: Фермерийн аж ахуйн хөгжилд юу саад болж байна вэ?

2006 оны 3-р сарын 29, ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургууль

Бид энэ удаа "Фермерийн аж ахуйн хөгжилд юу саад болж байна вэ?" сэдвээр ХХААЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга доктор П.Баянмөнхийн тавьсан илтгэлд тулгуурлан 1 цаг 30 минут орчим ярилцав. Уг арга хэмжээнд Фермерийн эрдэм нийгэмлэгийн гишүүд, ХХААЯ-наас доктор П.Баянмөнхөөс гадна Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх Ц.Бямбасүрэн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэжаргал, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн, мөн Залуу фермерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Мөнхбат нар оролцлоо.

П.Баянмөнх илтгэлдээ фермерийн аж ахуйн хөгжлийн өнөөгийн түвшин, төрөөс ФАА-н талаар баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар яриад, хөгжилд саад болж буй зарим нэг хүчин зүйлсийг нэрлэснээр мэтгэлцээн шууд өрнөх уур амьсгалыг бүрдүүлснийг тэмдэглүүштэй.
Форумд агрономич, мал зүйч, малын эмч, инженер, эдийн засагч, хуульч гэх мэт төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон учраас ФАА-н хөгжлийн асуудлыг маш олон талаас нь авч үзэж, тус бүрийнхээ санал бодлыг илэрхийлж байв. Ярилцсан сэдэв маань хэдийгээр өргөн хүрээтэй, оролцогчдын санал бодол төдий чинээ олон ургальч байсан ч гэсэн бид форумынхаа төгсгөлд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадсан юм. Ингээд бид ФАА-н хөгжилд хамгийн их саад болж буй дараахь зургаан хүчин зүйлсийг тодрууллаа:

1. Эрх зүйн тааламжгүй орчин
Фермерийн аж ахуйн тогтвортой хөгжих нэг суурь нь хувийн эзэмшлийн газар билээ. Гэтэл фермерийн тухай хууль батлагдаагүй, мөн Газрын тухай хуулинд фермер нь газар эзэмших эрх бүхий субьект болж чадаагүйгээс болж фермерүүдийн газар эзэмших эрх хязгаарлагдмал байна. Иймээс эдгээр дутагдлуудыг түргэн арилгах, юуны өмнө Фермерийн тухай хуулийг түргэн батлах хэрэгтэй гэж бид үзэж байна. Үүний дараа фермерүүдийг татварын бодлогоор дэмжих асуудлыг хөндөх нь зүйтэй.

2. Фермерүүдийн эдийн засгийн сул дорой байдал
Манай фермерүүд ихэвчлэн өөрийн хөрөнгөөр аж ахуйгаа эрхэлдэг, хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломж муутай, мөнгөний эргэлт бага, орлого нь улирлын чанартай хэлбэлздэг, мөн амьжиргааны өртөг нэмэгдсээр байгаа нь тэдний угаасаа тааруухан эдийн засгийн чадавхи өсөж нэмэгдэх боломжийг сааруулж байна. Иймээс фермерүүдийг хөрөнгөжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, лизингийн үйлчилгээ зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг түлхүү хэрэглэх нь зүйтэй гэж бид дүгнэлээ. Фермерүүдийн эдийн засгийн чадавхи нэмэгдсэнээр тэд үйлдвэрлэлдээ шинжлэх ухааны ололт, шинэлэг технологи нэвтрүүлэх, банк санхүүгийн байгууллагуудтай харьцдаг болох, мөн шинээр ажлын байр бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

3. Хүний хүчин зүйлийн дутагдал
ФАА нь 100% бизнес гэдэг утгаараа нүүдлийн мал аж ахуйгаас ихээхэн ялгаатай билээ. Гэтэл манай фермерүүдэд бизнесийн сэтгэлгээ төлөвшөөгүй, аж ахуй эрхлэх мэдлэг чадвар дутмаг байгаа нь тэдний ашиг орлогод шууд нөлөөлж байна. Фермерүүд маань өөрсдийгөө зөвхөн үйлдвэрлэгч биш, харин бизнесмен гэдгийг сайтар ойлгож, улмаар өөрийнхөө бизнесийн хариуцлагыг зөвхөн өөрөө хүлээнэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Үүнийг ухаарсан, бүрэн гүйцэд ойлгоогүй хоёр хүний хооронд ихээхэн ялгаа бий. Тиймээс фермерүүдийн маань сэтгэлгээ төлөвших, мэдлэг чадвар нь нэмэгдэх нь тэдний бие даан хөгжих нэг үндэс суурь нь гарцаагүй мөн. Фермерүүдэд албан ба албан бус хэлбэрээр боловсрол олгох тогтолцоог даруйхан бий болгох шаардлагатай байна. Тухайлбал Хөдөө аж ахуйн их сургуульд шаталсан сургалтын системийг нэвтрүүлж, мэргэшсэн фермерийн дипломын сургалтыг 2-3 жилийн хугацаатайгаар явуулах, мөн фермерүүдэд мэргэжлийн онолын мэдлэг, практик дадал суулгах богино хугацааны сургалтуудыг нэвтрүүлэх цаг нэгэнт болжээ. Түүнчлэн яваандаа фермерийн аж ахуй байгуулах сонирхолтой оюутнуудыг фермерийн аж ахуйд үйлдвэрлэлийн дадлага хийлгэж хэвших.

4. Экстэншиний үйлчилгээ хөгжөөгүй
Экстэншинийн үйлчилгээ хөгжөөгүй байхад хөдөө аж ахуйн мэргэжлийн хүмүүс фермерүүдэд туслах юмсан, мэддэг чаддаг бүхнээрээ тэднийг дэмжих юмсан гэж ярихаас хэтрэхгүй. Тийм учраас эрдэмтдийн боловсруулсан мэдлэгийг фермерийн хашаа хороо, малын байр, тариалангийн талбайд аваачиж, тэдний үйлдвэрлэлийн технологи, бизнесийн менежментийг сайжруулах, аж ахуйгаа хөгжүүлэх эрмэлзлийг нь дэмжиж өгөх экстэншиний сүлжээг даруйхан буй болгох хэрэгтэй гэдэг дээр форумд оролцогчид бүгд санал нийлсэн юм. Зах зээлийн эдийн засгийн үед экстэншиний үйлчилгээг хувийн хэвшлийн хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дээр мэтгэлцсэн боловч энэ асуудлыг тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд дараагийн форумыг энэ сэдвээр хийхээр боллоо.

5. Мэдээллийн хомс байдал
Фермерүүд маань тэдний үйлдвэрлэл ба маркетингэд хэрэг болохуйц үнэн зөв, бодит мэдээллээр дутагдаж байгаа талаар олон оролцогчид өөрсдийн судалгааны үр дүн, фермерүүдтэй ажилласан туршлагадаа тулгуурлан хэлж байв. Юуны өмнө фермерүүд маань гэрээсээ шаардлагатай мэдээллээ олж авах бололцоо тун хомс байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр фермерийн аж ахуйн холбогдолтой мэдээлэл бараг байхгүй, зарим сонин, телевизийн сувгууд худал мэдээлэл нэвтрүүлэх тохиолдол ч гардаг. Жишээ нь ТВ 9-ээр гарсан Швейцарийн бяслагийн үйлдвэрийн тухай сурвалжлагад 1 кг бяслагийг үйлдвэрлэхэд 100 литр сүү зарцуулдаг гэж дурдаж байлаа. Зүй нь 10-12 литр байдаг юм. Нөгөө талаар фермерүүд хот суурин газруудаар явж, эрдэмтэд, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах тухайд бол танилтай ба танилгүй фермерүүдийн ялгаа ихээхэн гарч буйг арилгах шаардлагатай байна. Энэ асуудал нь мөн л экстэншиний үйлчилгээг хөгжүүлэхтэй холбогдож буй.

6. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн худалдаа хөгжөөгүйФермерийн аж ахуйн хөгжихөд түлхэц болох нэг хүчин зүйл бол маркетингийн зохицуулалт гэдэг дээр бид санал нийллээ. Өнөөдөр фермерүүд тус бүрдээ аль нэг боловсруулах үйлдвэртэй гэрээ хийх маягаар буюу эсвэл шууд хот суурин газруудад өөрсдөө аваачиж хүнсний захууд, дэлгүүр, ТҮЦ-үүдэд нийлүүлж байгаа байдал нь үргүй зардал үүсгэхийн зэрэгцээ борлуулалтын эрсдэл бий болгох тохиолдол бишгүй байгаа нь тэдний орлогын тогтвортой байдлыг алдагдуулж байна. Иймээс 1990-ээд оны эхээр ажиллаж байсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээг сэргээх нь фермерүүд болон боловсруулах үйлдвэрүүдэд аль алинд нь ашигтай шийдэл юм гэж дүгнэлээ. Биржийн үйл ажиллагааг сэргээснээр фермерүүдийн хорших эрмэлзэл ч нэмэгдэх давхар ач холбогдолтой.